Өчигдөр болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг Засгийн газрын гишүүнээр томилуулахыг дэмжлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн талаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авснаа мэдэгдсэнээр эл асуудал мухардалд оров. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй учраас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад горилогч Ц.Дашдоржийн томилолт мөн адил хүчингүй болж байна. Байнгын хороод дэмжсэн хэдий ч Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарын явах зам хаалттай. У.Хүрэлсүхдээ биш, хамтарсан Засгийн газрын гэрээгээр Тэргүүн шадар сайдын суудлыг бий болгосон.
Одоо МАН-ын дангаар засаглал эхэлж буй учир энэ орон тоог халах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг АН-ын бүлэг уухайлан дэмжиж байна. Сайд нарыг гаднаас томилох ёстой гэсэн Төрийн тэргүүний үгэнд АН мөн ташуур нэмлээ. МАН зургаан нэр дэвшигчээ татахгүй гэдгийг ч С.Батболд шулуухан хэлэв. Тэгэхээр нь АН-ын бүлэг хуулиар олгогдсон завсарлага авах эрхээ эдлэхээ мэдэгдлээ. Энэ алхам нь У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нарт зориулагдана. Тэдний асуудлыг хэлэлцэж эхлэнг үүт л Бүлгийн даргаа орлож үлдсэн Л.Гантөмөр завсарлага авах болсон учир шалтгаанаа УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд дуулгах юм. Хэрвээ зөвшилцөж чадахгүй бол завсарлага хэдий болтол ч үргэлжилж мэднэ. Хуульд ийм зохицуулалт бий. Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг дэмжихгүй ч хэлэлцүүлэгт оролцож эсрэг санал өгнө гэдгээ АН илэрхийлсэн. Үүнийгээ Засгийн газрыг ажиллуулах, хуралдааныг нь тасалдуулахгүй байх үүднээс авч байгаа арга хэмжээ хэмээн Л.Гантөмөр тайлбарласан.
УИХ-ын зарим гишүүн одоо л амаа барьж байна. Завсарлага гэж шал дэмий эд байгаа юм. Н.Энхбаяр нар дараагийн сонгуулиар бүлэг байгуулах тооны суудал аваад ирвэл завсарлага авах нэрээр дөрвөн жил төрийн үйл ажиллагааг гацаах юм байна л даа гэх. Явж явж манайх гурван сайдаа гаднаас томилж таарах биз гэх хүн ч таарав.
Э.Бат-ҮҮл:Засгийн газрыг сонгуулийн штаб болгох гэж байна
Нэр дэвшигчдээс өчигдөр хамгийн сүүлд Д.Цогтбаатар байцаагдлаа. Ерөнхий сайд түүний танилцуулгыг хийсэн юм. Асуулт, хариулт Э.Бат- Үүл, С.Батболд, Д.Цогтбаатар гэсэн гурвалын дунд ерөнхийдөө өрнөлөө. Яагаад ажлаа өгсөн юм бэ гэсэн Бат-Үүлийн асуултад Д.Цогтбаатар эхлээд хариулав.
-Ерөнхий сайд зөвлөхөөрөө ажиллахыг санал болгосныг баяртайгаар хүлээж авсан. Би төрийн алба хаагч байхдаа хуулийг чанд сахиж ажилласан. Улстөрждөг байгаагүй. Ёс зүйтэй төрийн алба хаагч байсан. Хувь хүний хувьд социал демократ үзэл бодолтой.
Э.Бат-Үүл:-МАН боловсон хүчний хомсдолд орсон юм шиг яагаад Төрийн алба хаагчийг сугалж ирээд улс төрийн албан тушаалд томилуулах гээд байгаа юм бэ. Энэ чинь төрийн албаны бодлогыг зөрчиж байгаа хэрэг биш үү. Одоо энэ хоёр хүн төрийн албанд эргэж орж болохгүй. Тэдний амьдралыг төвөгтэй байдалд оруулсан сонголтыг Ерөнхий сайд та хийлээ. Төрийн алба хаагч улс төр рүү, улс төрийн алба хаагч төр рүү хөрвөдөг буруу тогтолцоо бий болгож байна.
С.Батболд:-Тэр нөхөр ийм үг хэлэх болов уу гэж би гадарладаг. Харин таныг ийм зүйл ярьж байгааг гайхаж байна. Та чинь ардчилал, эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийн тухай байнга ярьдаг биз дээ. Өөрийнхөө үнэт зүйлийн эсрэг зүйл ярьдгаа болих хэрэгтэй. Төрийн алба хаагч улс төрийн сонголт хийж болно. АН-ын олон гишүүн улс төрөөс төр рүү, төрөөс улс төрийн албанд шилжиж л байсан. Д.Цогтбаатар өөрийн хүслээр улс төрийг сонгоод байхад нь би санал тавьсан юм. Энэ хүн бол МАН-ын хамгийн сайн бэлтгэгдсэн боловсон хүчний нэг.
Э.Бат-Үүл:-Ерөнхий сайд та Засгийн газрыг сонгуулийнхаа штаб болгож байна. Өөрт чинь У.Хүрэлсүх шиг нэлээд боевик Тэргүүн шадар сайд хэрэгтэй юм байна. Энэ хүнийг АНын бүлэг дэмжихгүй. Бид завсарлага авахаар тохирсон. Харин Засгийн газрыг хуралдах боломжоор хангаж өгөхийн тулд Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэхэд оролцоно. Гэхдээ эсрэг санал өгнө. Ингээд Д.Цогтбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилох, эсэх асуудлаар санал хураахад БОХХАА-н байнгын хорооны 13 гишүүний ес нь сайдаар томилохыг дэмжлээ.
Го.ЭНХТӨР