ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болсонгүй. Засгийн газар хуралдах эрх зүйн чадамжтай эсэх талаар тайлбар өгнө үү?
-Өнөөдөр (өчигдөр) болох ээлжит хуралдаанаар тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх товтой байсан. Гэсэн ч үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдах боломжгүй болоод байна. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь хуралдаанд оролцож байж Засгийн газрын шийдвэр хүчинтэй байна гэсэн хуулийн заалттай. 15 сайдаас АН-ын зургаан сайд улс төрийн шийдвэрээр хамтарсан Засгийн газраас гаргах өргөдлөө өгснөөр ийнхүү Засгийн газар хуралдах боломжгүй болсон. АН хамтарсан Засгийн газраас гарахдаа Засгийн газрыг хурдан байгуулах, шинээр томилогдох сайд нарыг дэмжинэ гэдгээ хэлсэн ч ярьснаасаа буцаж, завсарлага авахаа мэдэгдсэнд харамсаж байна.
Засгийн газар шинээр бүрэлдмэгц яаралтай хэлэлцэн шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал гурван талт хэлэлцээрээр ирэх хоёр болон тавдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж заасан. Ирэх сарын 15-нд УИХ-ын чуулган завсарлана. Үлдэж байгаа богинохон хугацаанд Засгийн газрыг яаралтай хуралдуулах, шийдвэр нь чадамжтай байх нөхцөлийг хангах шаардлагатай байгаа юм. Ялангуяа үнийн өсөлттэй холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцэж хамтын шийдвэр гаргах хэрэгтэй байна. АН энэ Засгийн газраас гарахдаа шинэ Засгийн газрыг хурдан байгуулж өгнө гэсэн.
Харин одоо өөр зүйл ярьж, өөр байр сууринаас хандах хэрэггүй юм. АНын сайд нар бүгд УИХ-ын гишүүд байсан. Өөрсдөө байхаар болоод байдаг. Бусад нь байхаар болдоггүй гэсэн зүйл ярьж, ам ажил хоёр нь зөрж байгаад харамсаж байна. АН-ыг энэ шийдвэрээ эргэж харна гэдэгт найдаж байна. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд нөлөөтэй олон чухал шийдвэр ийм нөхцөл байдлаас болоод зогсоод байж болохгүй л дээ.
-АН Тэргүүн шадар сайдын орон тоог дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Хамтарсан Засгийн газарт байсан орон тоо МАН дангаараа Засгийн газар байгуулахад шаардлагагүй хэмээн мэдэгдлээ.
-АН-ын дарга Тэргүүн шадар сайд байсан. Ямар ач холбогдолтойг Н.Алтанхуяг дарга маш сайн мэдэж байгаа. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд олон асуудал, ажил хамаардаг. Тухайлбал иргэн бүрийг цахим үнэмлэхээр хангах ажлыг Бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулж явуулах ёстой. Үүнийг яах аргагүй улс төрийн хувьд мэргэжил арга зүйн хувьд, чиглүүлж байх үүрэгтэй. Үнийн өсөлт шударга бусаар, үгсэн хуйвалдах замаар хийгдэж байна уу үгүй юү, ард иргэдийн амьдралд үнийн өсөлт сөргөөр нөлөөлж байна уу гээд олон чухал асуудалд хяналт тавьж байдаг Стандартчлал хэмжилзүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрууд Тэргүүн шадар сайдын харьяанд ажилладаг. Тэргүүн шадар сайдын орон тоог хасаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал ярьж цаг хугацаа алдахын оронд үлдэж байгаа сард улс орны өмнө тулгамдаад байгаа ажлаа шуурхай хийе гэдэг зорилгоор МАН энэ асуудлыг тавьсан. Үүнийг улс төрийн өнцөг болгож хувиргаж яриад байгаа нь үндсэндээ энэ Засгийн газрыг ажил хийлгэхгүй гэсэн санаа юм болов уу.
Э.ТӨР