Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийнхэн дөрөв дэх буюу “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлгээ өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Үүний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд утааг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой талаар санал солилцсон юм. Уг хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
Д.Алта (Зөвлөх инженер):
-Агаарын бохирдлыг бууруулахад хийн түлш хамгийн чухал. Монгол Улс нийллэг буюу нүүрснээс гаргаж авдаг, шингэрүүлсэн нефтийн болон байгалийн буюу метан зэрэг гурван төрлийн хийн түлш хэрэглэх боломжийг судалгаагаар тогтоосон. Шингэрүүлсэн нефтийн хийн салбар дэлхийд амжилттай яваа ч үнэ, импортоос хамаараад зах зээл нь хумигдмал. Харин байгалийн хий үйлдвэрлэх санаачилга гарсан ч манай улсын хувьд үүнийг импортоор авах ганц орон нь ОХУ. Гэтэл тус улсаар байгалийн хий дамжин өнгөрүүлэх асуудлын цаана дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг хөндөгдөнө. Нүүрсний ордуудаас метан хий авах хайгуул, судалгааны ажил хийж буй. Таамаг нөөцөөрөө манай улс боломжийн хэдий ч метан хийн нөөц олборлоод хэрэглэх хүртэл таван жил зарцуулна. Тиймээс бид байгалийн хий олборлох, эсвэл импортоор авсан ч хэрэглэгч бэлэн байхад анхаарах ёстой. Үүний тулд дэд бүтэц байгуулах нь чухал.
Г.Цовоодаваа(ШУТИС-ийн Архитектурын тэнхимийн эрхлэгч, зөвлөх архитектор):
-Агаарын чанарыг сайжруулж, утааг бууруулах хэлэлцүүлгээр зуух, түлш сайжруулах талаар ярих нь хэт өрөөсгөл. Үүний оронд барилгын дулаалгыг сайжруулах нь илүү сайн шийдэл. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ нэлээд хийсэн байдаг. Тийм учраас нэгэнт барьсан байшин, барилгуудыг дулаалж, эрчим хүч хэмнэх, өндөр үр ашигтай болгох чиглэлд цаашид илүү анхаарах шаардлагатай.
Ж.Батболд (“Экобрикет” компанийн зөвлөх инженер):
-Хатуу түлш нь хүний эрүүл мэндэд хоргүй байх ёстой. Манай компани 2004 оноос судалгааныхаа хүрээнд хагас кокс-үртэсний холимог болох био түлш, нүүрс, нүүрс-үртэсний холимог, дан үртсээр дөрвөн төрлийн шахмал түлш гаргалаа. Эдгээр нь угаарын хий гаргаж, хүний эрүүл мэнд, аминд аюул учруулаагүйг баталгаажуулсан. Түүнчлэн био шахмал түлшний бүх үзүүлэлт стандартын шаардлага хангасныг олон улсын байгууллагуудын судалгаагаар тогтоосон. Тиймээс утаа бууруулах богино хугацааны арга хэмжээнд эл түлшийг хэрэглэх хэрэгтэй.
Ц.Бээжин (Зөвлөх инженер):
-Гэр хорооллын дулаан хангамжийн үйлдвэрлэл, технологи, бүтээгдэхүүний туршилт, инновацын төв байгуулах шаардлагатай. Иймд туршилтын нэгдсэн төв байгуулан, иргэн, аж ахуйн нэгжүүд шинэ бүтээгдэхүүн, шийдлүүдээ турших нь илүү үр дүнтэй юм. Утаа бууруулах хамгийн энгийн шийдэл нь гэр, байшингаа дулаалахаас эхэлнэ.
У.Цэцэг