УИХ-ын гишүүн, “Ногоон намын” гэгддэг Д.Энхбат одоо хэр нь ИЗН-ын гишүүн болоогүй байгаа юм байна. Тэгээд энэ сарын 28-нд болох тус намын ээлжит их хурлын наана амжиж түүнд элсэх гэнэ. Уг нь өнгөрсөн оны гуравдугаар сард ИЗН, НН нэгдэх улс төрийн шийдвэрээ гаргасан билээ. Харин Дээд шүүх бүртгэхгүй байгаа ИЗН-ын их хурал болох гэж буйтай холбогдуулж УИХын гишүүн, тус намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт нарын хүмүүс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Дээр өгүүлснийг Д.Энхбат тэр үеэр хэлсэн юм. С.Оюуны ярьснаас үзвэл их хурлаар ИЗН-ын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмдээ өөрчлөлт оруулах аж.
Дүрэмд оруулах гол өөрчлөлт нь намын нэр, лого, тэмдгийг солихтой холбоотой гэнэ. Нэрээ Иргэний зориг-Ногоон нам (ИЗНН) болгох юм байна. Мөн төлөөлөн удирдах төв байгууллага болох Үндэсний хороогоо шинээр бүрэлдүүлэх аж. Энэ хороог дөрвөн жилийн хугацаагаар их хурлаасаа байгуулдаг. Бас намын даргаа сонгох гэнэ. ИЗН-ын Үндэсний хороо энэ сарын 14-нд хуралдаж их хурлаараа шийдэх асуудлуудаа ийн тохиролцжээ. Уулзсан завшааныг ашиглаж сэтгүүлчид зарим зүйл сонирхов. Ногоон намд байсан олон хүн одоо ИЗН-д элсээд байгаа аж. Бага хурлынх нь гишүүд бараг бүгд ИЗН-ын гишүүн болжээ. ИЗНН-ыг Дээд шүүх бүртгэж аваагүй байгаа. Тэгсэн хэрнээ НН-ыг үйл ажиллагаа явуулахыг нь хүлээн зөвш өөрчихсөн. Өөрөөр хэлбэл, хоёр нам нэгдсэнийг албан ёсны болгоогүй байгаа юм. Энэ асуудлыг нэг тийш болгуулахаар намын зүгээс чармайлт гаргаж буй гэнэ.
Одоогийн их хурлаар дүрэмдээ оруулах өөрчлөлтийг Дээд шүүх хүлээн зөвшөөрч бүртгэж авах байх гэсэн бодолтой байгаагаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ИЗН-ын удирдлага илэрхийлэв. Шинэчлэн найруулсан сонгуулийн хуулийн тухайд ИЗН пропорционал давамгайлсан хувилбарыг эхнээсээ дэмжиж иржээ. Тэдний санаснаар Сонгуулийн хуулийг эцэслэн батлаагүй ч нэгэнт мөрдөх ёстой тул уг хуулийн дагуу сонгуульд оролцох гэнэ. Зөв зохион байгуулж чадвал УИХ-ын хийгээд орон нутгийн сонгуулийг хамт хийхэд буруу юм байхгүй, харин ч зүйтэй алхам гэж үзэж байгаа юм байна.
Засгийн газрыг нөхөн бүрдүүлэхтэй холбоотойгоор бий болоод байгаа нөхцөл байдалд ИЗН хэрхэн хандаж буйг нь сонирхвол стандарт бус Засгийн газрыг хамтран байгуулж Үндсэн хууль зөрчсөн ч нэгэнт гурван жил гаруй ажиллачихсан болохоор хариуцлагыг ч хамт үүрэх ёстой. Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнтэй болгох зорилгоор МАН-ын зүгээс одоо явуулж буй үйл ажиллагаа мөрдөж буй ямар ч хуулийг зөрчөөгүй байгаа. Засгийн газраа аль болох түргэн эмхэлж, ажлаа хийгээсэй гэсэн бодолтой байгаа гэж хариулав.
Р.ЖАРГАЛАНТ