Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, тус хорооны харьяат, өрх толгойлсон эмэгтэй, гурван хүүхдийнхээ хамт, мөн хамаатных нь хүн болон нэг хүүхэд угаартаж амиа алджээ. Золгүй явдал болох үед талийгаачийн том хүү О.Одбаяр эзгүй буюу цэргийн алба хааж байжээ. Тэрбээр өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж, болсон явдлын талаар ярьсан юм. “Цэргээс чөлөө өгөөд гэртээ ирэхэд “Сэтгэлээ бариарай, тайван байгаарай. Ээж, дүү нар нь угаараас болоод өөд болчихлоо” гэсэн. Миний ухаан балартаж, гадаа сууж агаар амьсгалаад гэртээ орсон. Ээж минь 1983 оных. Дүү нар маань зургаа, ес, 15, 17 настай. Ээжтэйгээ хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 18-нд утсаар ярихад “Ээж, дүү нар нь сайн байгаа. Миний хүү эхнэр авахаар том болжээ” гээд миний ирээдүйн талаар ярилцсан. Гэтэл одоо гэр бүлийнхээ бүх хүнийг алдчихлаа. Ирээдүй минь бүрхэг болсон. Манайх шахмал түлш байнга л түлдэг. Нагац ах, эгч хоёроос цагдаа нар мэдүүлэг авсан, шүүх шинжилгээний дүгнэлт гартал мэдээлэл өгч болохгүй гэж гарын үсэг зуруулсан гэсэн. Оршуулгын зардалд улсаас таван сая төгрөг өгсөн. Цэрэгт явсан хойгуураа ээж, дөрвөн дүүгээ алдчихлаа. Маш их гомдолтой байна. Дүү нар минь юу ч мэдэхгүй байж байгаад өөд болчихлоо шүү дээ. Аав байхгүй ч ээж минь биднийг хүний дайтай хүн болгосон. Охин дүү минь коллежоо төгсөх байсан. Сургуулиа төгсөөд жүжигчнээр сурна гэж ярьдаг байлаа. Нэгдүгээр ангийн дүүгийнхээ төгсөлтийн баярыг нь гоё хийж өгнө гэж бодсон юм сан. Шахмал түлшнээс болж хүмүүс уушгины хорт хавдраар өвчилж, угаартаж үхэж байна. Төр засаг монголчуудыг ядуу дорой амьдруулж, эрүүл, аюулгүй байх эрхийг нь зөрчих болсон. Амьдрах хүсэл, зорилго нь мөхсөн, өдөр хоногийн хоолоо л залгуулсан хүн олон. Би ээж, дүү нарынхаа төлөө чадах бүхнээ хийнэ. Ард түмэн минь надад туслаарай” гэсэн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөн мэдээлэл өгсөн. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Зургаан иргэнийг угаартсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Талийгаачийн төрсөн дүү О-г хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Аливаа гэмт хэрэг, зөрчилд хуульд заасан тодорхой нууц гэж бий. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн бодит байдлыг гажуудуулах, гэмт хэрэгтнийг төөрөгдүүлэх, нотлох баримтыг усгтаж болзошгүй тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй. Үүний хүрээнд хохирогчоор тогтоогдсон О-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг ойлгуулж, эрх, үүргийнхээ хувьд мэдээллийг задруулахгүй байхыг сануулж гарын үсэг зуруулсан. Түүнээс биш цагдаагийн байгууллагаас талийгаачийн хүүг мэдээлэл өгөхийг хориглосон, зогсоох гэж оролдсон явдал байхгүй. Тухайн айлд угаар мэдрэгч байсан. Харин ажиллаж байсан, эсэх талаар би мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Ч.Болор