Манай нам, манай дэвшигчийг дугуйлна гэсэн үг
Сонгуулийн ухуулагч иргэдтэй уулзаж байна. Гэтэл нэгэн иргэн түүнд асуулт тавив.
-Энэ сонгуулиар сонгогчдын саналыг хүн гараараа тоолохгүй автомат машинаар дүнг нь гаргана гэх юм. Тэр чинь одоо юу гэсэн үг вэ?
-Аа, энэ чинь маш боловсон арга даа, хүн гуай. Та манай нам, манай дэвшигчийн нэрийг дугуйлна л гэсэн үг. Машин бол хүн биш, алдаа мадаг гаргахгүй л гэж...
Коммунистууд хөрөнгийг чинь хураачих вий
Ардын намын гишүүн ээжийгээ Зайсан дахь тансаг хаустаа урив.
-Ээж ээ, энэ бол миний бильярдын өрөө. Энэ нь бассейн, цаана нь сауны өрөө харагдаж байна. За, энэ бол миний моност цэцэрлэг. Гараашид найман төмөр хүлэг бий дээ.
-Эвий, миний хүү сайн байна. Муусайн коммунистууд ирээд хөрөнгийг чинь хураачих вий дээ? -Ишш, ээж минь. Хүү чинь Ардын намын “Сэлмэн Тогмид” шүү дээ.
-Тэгвэл ижий нь ах лам дээрээ очиж сэлмийг нь аравнайлуулах юм хуна.
Сонгуулийн кампани бол ооны сурталчилгаа
-Сонгуулийн кампанит ажил гэж юу байдаг юм бэ?
-Энгийн үгээр хэлэхэд ямар ч хамаагүй барааны л реклам шүү дээ. Эргэлзээтэй бүтээгдэхүүнийхээ давуу талыг дөвийлгөж, дутагдалтай талыг нь огт дурсахгүй байх учиртай. Жишээ нь, оо юм гэхэд сэнгэнэсэн сайхан гаагүй, шүд цайруулдаггүй байхдаа ч хамаагүй. Сонгуулийн кампанит ажлын явцад “шилдэг” гэдгийг нь л ухуулах ёстой. Үр дүнд нь ард түмэн өөрт ашигтайгаа бус, өөрийг нь мунхруулж дөнгөснийг л сонгодог юм даа.
АН-ын төлөвлөгөө задрав
АН-ынхны зөн билэг сүүлийн үед гойд байна. Тэд УИХ-ын 2012 оны сонгуульд ялах эсэхээ мэргэлжээ. Ерөөсөө хамтарсан Засгийн газрыг задалсан нь ч түүнээс үүдэлтэй. Хэрэв Засгийн газарт ажилласан хэвээр сонгуульд өрсөлдвөл унана, гарвал ялна гэж “цэнхрүүдийн” төлөгт буусан хэрэг. За, тэгээд ялах ч яах вэ, ялна. Ялсныхаа дараа яахаа ч ярилцсан байна. Тэгээд МАНтай хамтарч Засгийн газар байгуулах төсөл хэлэлцээд, улааны сөрөг хүчнийхэнд сайдын зургаан суудал өгөхөөр ярьжээ. Ийм нууц төлөвлөгөөгөө тэдний зарим нь (С.Баярцогт, Ч.Сайханбилэг) АН-ын сайд нарыг чөлөөлөх тухай хэлэлцсэн УИХ-ын чуулган дээр өөрсдөө л задалсан даг.