Монголын өнөөгийн “донсолгоотой” нийгэмд айл гэр, ах дүүсийг талцуулан муудалцуулдаг, улмаар өс хонзон үүсэх эрсдэл дагуулдаг зүйл бол эд хөрөнгө өвлөхөөс үүдэлтэй маргаан болоод байна. Хэн нь тухайн хүний эд хөрөнгийг хууль ёсоор өв залгамжлах вэ гэдэг маргаан сүүлийн жилүүдэд олширч, шүүхээр шийдвэрлэж буй тохиолдол ч эрс нэмэгдэв. Суурин амьдрал, соёлд шилжсэнээр үл хөдлөх хөрөнгүүд босгож, үйл ажиллагаа явуулж байтал цагийн жамаар түүнийг бүтээгч эрхмүүд хорвоогоос хальдаг.
Бүтээн байгуулсан, өсгөж үржүүлсэн хөрөнгөө хууль ёсоор өв залгамжлуулах талаар нотариатчид хандаж байгаагүйгээс үүдэлтэйгээр маргаан үүсэж, ах дүүс, төрөл садангийн хооронд өс хонзон өрдөх, эцэстээ буу шийдэмдээ тулж байсан тохиолдол ч бий.
Хөдөөний нэгэн сумд өмч хувьчлалаар авсан амь зуулгын хэдээ өсгөж үржүүлэн овоо олон тоо толгойд хүргэсэн нэгэн хорвоогийн жамаар таалал төгсөж. Оршоох зан заншлаа ном ёсоороо хийцгээж, 49 хоногийг нь ч гүйцээсний дараа эцгийн бий болгосон буяныг хувааж авахаас үүдэлтэйгээр маргалдаж, хөвгүүд нь хотныхоо хоёр талд буу агсаад бие бие рүүгээ шагайх нь холгүй байсан гэдэг. Үүний шалтгаан нь иргэд хууль эрх зүйн мэдлэг тааруу, нас өндөр болсон хүмүүс гэрээслэл чухам ямар чухал вэ гэдгийг мэддэггүй, мэдсэн ч үл ойшоож ирснээс үүдэлтэй гэхэд хилсдэхгүй. Зарим нь гэрээслэл гэдгийг “муу ёр” гэж ойлгох нь ч энүүхэнд. “Хэзээ нас нөгчинө гэж ийм юм бичиж, нотариатчдад их мөнгө төлж байдаг юм бэ” хэмээн тээршаах хүмүүс ч бий. Хожим хойч, алс ирээдүйг бодолгүй өнөө маргаашаа бодож явснаас өв залгамжлалтай холбоотой маргаан үүсэж байгаа гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. Ерийн нэг малчин өвгөнөөр тогтохгүй нэртэй бизнесмэн, улс төрчийн гэр бүлийнхэн ч ийм байдлаар өв хөрөнгийн маргаан үүсгэж, ах дүүсийн хооронд тэмцэл өрнөж байгаад эвээ олсон тохиолдол саяхан гарсан байдаг. Өв залгамжлалтай холбоотой маргаан зөвхөн монголчуудын дунд бий болоод буй зүйл биш. Аль ч улсад эцэг, эх, ах дүүсийнхээ эд хөрөнгийг өвлөн авах хүсэл, шуналаас үйдэлтэйгээр маргаан гарсаар байгаа юм. Түүгээр ч зогсохгүй даяарчлагдаж буй дэлхийн нэгэн эд эс болсон Монгол Улсад ч үндэстэн дамнасан өв залгамжлалын маргаан үүсэх эрсдэл бий болж ч болзошгүй.
Гэрээслэл бичиж, баталгаажуулах нь нэн ховор
Монгол Улсын Иргэний хуулийн V хэсэг буюу 53-59 дүгээр бүлэгт эд хөрөнгө өвлөхтэй холбоотой зүйл заалт бий. Энэ хуулийн зүйл заалтын дагуу бол өв залгамжлалыг нэг бол гэрээслэлийн дагуу, нөгөө нь өвлөх эрхийн хүрээнд хүлээж авах зохицуулалттай. Гэрээслэл гэдэг бол тухайн иргэн амьд ахуй үедээ өөрийн эд хөрөнгийг хэнд өгөхөө шийдвэрлэж, нотлогч, гэрч буюу нотариатчаар баталгаажуулан үлдээдэг. Тэгвэл гэрээслэл бичиж, түүнийгээ улсын бүртгэлд баталгаажуулан бүртгүүлэх явдал тун ч цөөн байдаг аж. 2021 оны нэгдүгээр сараас дараа жилийнх нь мөн үе хүртэлх хугацаанд ердөө 20-хон гэрээслэл үйлдсэнийг улсын бүртгэлд бүртгэсэн талаараа УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан ярилцлагадаа дурдаж байв. Түүнээс хойших жилүүдэд байдал яг хэвээрээ буй юм билээ. Уг нь бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.1-д “Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно” гэж заасны дагуу нотариатчийн үйлдсэн тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэдэг.
Цөөн хэдэн гэрээслэлийг нотариатч бүртгэж баталгаажуулсан нь бас л хэл ам хэрүүл тэмцэл болж, шүүх цагдаа, АТГ-аар ч шалгуулж, эрүүгийн хэрэг болсон тохиолдол ч гарсаар. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нэгэн хүн зам тээврийн осолд орж, хүнд гэмтэн Төв аймгийн эмнэлэгт хэвтэж байхад ар гэрийнхэн нь нотариатч аваачин гэрээслэл хийлгэсэн байдаг. Таалал төгссөнийх нь дараа энэ гэрээслэлийг эхнэр нь танил талаа ашиглан хийлгэж, тойргийн бус хүнээр гэрчлүүлж, нотлуулсан хэмээн маргаан үүсгэж ах, дүүс нь хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргаж, өдгөө ч шалгуулж, шийдвэрлүүлж дуусаагүй л байна.
Гэрээслэл бичих нь гэр бүлийн гишүүдийн дунд маргаан үүсэхгүй байх боломж бүрдүүлдэг сайн талтай. Гэхдээ маргаан үүсгэсэн тохиолдол бий. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүх өнгөрсөн нэгдүгээр сард өв залгамжлалын нэгэн маргаан шийдвэрлэв. Иргэн Ш болон түүний ах дүүс ээжийнхээ амьдарч байсан орон сууцтай холбоотой маргаан үүсгэж улмаар шүүхэд ханджээ. Тэдний нэхэмжлэлд “Дархан-Уул аймаг дахь хоёр өрөө орон сууц нь ээж, ах нар болон дүү, миний бие нийт таван хүний дундын өмч. Гэтэл ээж минь өөр хүний нэр дээр гэрээслэл үйлдсэн байна. Ээж минь бичиг үсэг огт мэдэхгүй, 80 гарсан өндөр настан бөгөөд гэрээслэл үйлдэх ямар ч боломжгүй юм. Манай ээж гэрээслэлээ авч хүүхдүүддээ харуулна гэж нотариатчтай уулзсан ч үзүүлэлгүй гурван удаа хөөж гаргасан. Хүн өөрийн биеэр өөрийн гарын үсэгтэй гэрээслэлийг үзье гэхэд гэрчилсэн нотариатч нь үзүүлэхгүй, төрсөн үр хүүхдүүд нь амьд сэрүүн хамт амьдарсаар атал бидэнд огт мэдэгдэлгүйгээр нагац дүүд маань танил талаа ашиглан хууль зөрчиж, уг гэрээслэлийг үйлдүүлсэн гэж үзэж байна. Иймд бичиг үсэг огт мэдэхгүй, өндөр настай ээжийн минь гэрээслэлийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн нэхэмжлэлдээ бичжээ. Шүүх нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэж, нотариатч болон нагац дүүг нь хариуцагчаар татан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Нотариатч уг гэрээслэлийг хийхээс өмнө гэрээсэлж байгаа хүний ухаан санаа эрүүл гэсэн эмчийн бичиг байх шаардлагатай, гэрээслэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө нь хаана ямар байдалтай байгааг фото зургаар баталгаажуулж, гэрээслэлээ өөрөө гараараа бичих ёстой, гэрээслэлийн агуулгад өөрийнхөө ногдох хувийг ямар үндэслэлээр өгч байгаа талаар тодорхой тусгахыг зөвлөсөн бөгөөд түүнээс хойш хэдэн сарын дараа уг материалуудыг бүрдүүлэн ирж гэрээслэлээ хийлгэсэн байж. Гэрээслэлийг хоёр хувь үйлдэж нэгийг нь гэрээслүүлэгч иргэнд өөрт нь, нөгөөг нь Монголын нотариатчдын танхимд хадгалуулж, хуульд зааснаар гэрээслэгч нас барснаар түүнийг задалдаг аж. Энэ бүгд хуулийн дагуу хийгдсэн гэж шүүх үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хуулийн V хэсгийн зүйл заалтыг эргэн харах шаардлагатай
Иргэний хуулийн дээр дурдсан бүлэг, зүйл заалтын дагуу өвлөх эрх үүсдэг. Тодруулбал, тус хуулийн 520.1.1-т “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасан. Гэвч энэ хуулийн V хэсэг буюу 53-59 дүгээр бүлэгт эд хөрөнгө өвлөхтэй холбоотой зүйл заалтыг шинэчлэх шаардлагатай болжээ. Учир нь нас барагчаас тусдаа амьдран олон жил холбоо харилцаагүй байснаа таалал төгссөнийх нь дараа эхнэр нь байсан хэмээн гэнэт гарч ирж өв хөрөнгө булаалдах тохиолдол гарлаа. Энэ хооронд шүүхээр гэр бүлийн баталгаагаа цуцлуулалгүй явсан нь тухайн эмэгтэйн зол болж буй бололтой. Уг гэрлэлтийн гэрчилгээгээ нотлох баримт болгон шүүхэд өв залгамжлах хүсэлт гаргаж, маргаан үүсгүүлсэн байна. Олон нийтийн сүлжээнд иргэн Э.Амаржаргал бүр тодорхой ярьж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа ч дурдсан. Тэрбээр “Надтай ижил зүйл тохиолдсон олон хүн байдгийг мэдсэн учраас энэ асуудлыг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага, эрх баригчдад хүргэхийг зорилоо.
Аав ээж хоёр минь намайг найман настай байхад салсан. Ингээд би ээжийгээ дагаж хотод ирж амьдарсан ч аавтайгаа байнга холбоотой байсан, бурхан болох хүртэл нь. Аав ээжийн минь салсан шалтгаан бол Ш.А гэдэг хүн миний аав, ээжийн амьдрал дундуур орж ирснээс болсон.
Тэр Ш.А гэдэг хүн аавтай минь нэг гэрт нэг жил зургаан сарын хугацаанд албан ёсоор амьдарсан байдаг. Аав ээж хоёр минь 10 жил амьдраад хоёр тийш болсон. Салахдаа гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. “Ш.А-тай нэг жил зургаан сар амьдарсан бөгөөд сүүлийн гурван орчим жил оюутан охин шиг зуны амралтаараа ирж очин нийт дөрвөн жил орчим л хамт байсан” тухайгаа аав минь бурхан болохоосоо өмнө ярьдаг байсан. Энэ эмэгтэй ааваас салаад, өөрийнхөө хүүхдийг дагуулж хотод ирсэн. Салж явснаасаа хойш 20 жил ямар ч холбоо харилцаагүй байсан.
Аав минь бурхан болсны дараа өв залгамжлах асуудал үүссэн. Хуулийн дагуу бол тухайн хүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа өв залгамжлах эрх нээгддэг юм байна. Гэтэл өв залгамжлах эрх нээгдэхээс нэг сарын өмнө эмээгийн гэрт Ш.А гэдэг хүн гэнэт 20 жилийн дараа ороод ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд “Би эхнэр нь байна. Өөрийнхөө нэр дээр байгаа хөрөнгөө авах гэж ирлээ” гэсэн. Ш.А гэдэг хүн үнэхээр эхнэр нь байсан бол аавыг минь өвдөж, зовж байх үед нь ядаж нэг удаа ч болов хажууд нь байхгүй хаана байсан юм. Аав минь нас барсны дараа намайг хамаагүй гэж бодож болно. Хамгийн гол нь миний 83 настай эмээ рүү яриад эмгэнэл илэрхийлээгүй байж өв хөрөнгө булаацалдаж ирсэн. Удалгүй Ш.А шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь аавын минь нэр дээр байгаа бүх үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хувиа авна гэсэн байсан. Миний аавын үлдээсэн өв хөрөнгө бол бурхан болохоосоо өмнөх сүүлийн 6-7 жилд бүтээсэн хөрөнгө хогшил нь юм. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгө Ш.А гэх эмэгтэйд огт хамаагүй. Учир нь тэр эмэгтэй аавыг минь 20 жилийн өмнө хаяад явчихсан. Түүгээр ч зогсохгүй, аав минь бурхан болохоосоо өмнө зарсан, өөр хүний эзэмшилд очсон ч нэрээ шилжүүлж чадаагүй машиныг нь хүртэл авна гэж нэхэмжлэл гаргасан. Хүн шуналтай байж болно оо. Гэхдээ бас хүн чанартай байх ёстой. Дээрээс нь миний аавын хүүхэд биш ч гэсэн нэг хүүтэй хүн. Адилхан өөрөө цор ганц хүүтэй байж өнөөдөр айлын гал голомтод ингэж шунах нь зөв үү” хэмээн өгүүлсэн.
Үүнээс үзэхэд хууль хэрэглээний явцад шинэ нөхцөл байдал, тохиолдол гарч ирж байна. Гэр бүлээ батлуулсан атлаа тусдаа амьдарч байгаад олон жилийн дараа гэнэт гарч ирсэн, хүнд өвчтэй байхад нь огт тоогоогүй “эхнэр”-ийг хууль ёсны өв залгамжлагч гэж үзэх үү. Монголд өнөөдөр хамтран амьдрагч гэдэг хэллэг ч өргөн нэвтэрсэн. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчаас төрсөн хүүхэд өв залгамжлагч болж чадах уу. Энэ мэтээр Иргэний хуулийн V хэсгийн 53-59 дүгээр бүлгийн зүйл заалтыг эргэн харж, шинэчилж сайжруулах шаардлага бий болоод байна. Тиймээс хууль тогтоогчид Иргэний хуулийн дээрх зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон юм биш үү.