Үндэсний музейнхэн “Монгол авдар” хэмээх тусгай үзэсгэлэнг энэ сарын 29нийг хүртэл олны хүртээл болгох нь. Эл үзэсгэлэнд өнө эртнээс хэрэглэж ирсэн суран үдээстэй авдраас эхлээд төрөл бүрийн цоож, цуурга тэргүүтэй 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж буй юм. Мөн энэхүү үзэсгэлэнд монголчуудын XVII-XX зууны үед хэрэглэж байсан бурхан тахилын болон уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдруудыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
Тус музейн эрдэм шинжилгээний ажилтан “Монголчууд бид эрт үеэсээ авдрыг хоймортоо залж, дотор нь ховор нандин зүйлсээ хадгалан, бурхан шүтээнээ дээр нь залсаар ирсэн ард түмэн. Дүүрэн билигтэй түвшин жаргалтай амьдрахыг бэлгэдсэн сав бол авдар юм. Ур хийцийн хувьд улаан суурьтай, алтан шаргал хээгээр чимэглэсэн, арслан болон монгол банхрын хээтэй авдар нүүдэлчдийн амьдралд зонхилж байсан гэж үздэг” хэмээсэн.
Монголчууд бид авдрыг зөвхөн ахуйн хэрэглээнд ашиглах агуулах сав гэхээс илүү¬ тэй тухайн айлын буян хишгийг тогтоож, эд баялаг дууддаг хэмээн бэлгэшээх нь бий. Тиймдээ ч өнө эртнээс монгол гэрийн хойморт нүү¬ дэлчдийн амьдралын түүх, соёл, уламжлал, сэтгэлгээний онцлогийг тээсээр иржээ. Монгол авдарт хадаас ордоггүй, углуургадаж наадаг учраас бат бөх, эдэлгээ удаан. Бас хоёр талд нь суран бариул хийснээр нүүж суух үед ачиж зөөхөд тохиромжтой байдаг. Авдар нь нүүдлийн ая даахуйц бат бэх, өнгө, хээ дүрслэл нь монголчуудын сэтгэлгээний онцлог, ертөнцийг үзэх үзлийн талаар цогц ойлголт өгдгөөрөө онцлогтой аж.
Монгол авдрыг хоёр ангилах бөгөөд урдуураа онгойдгийг нь хишгийнх гэж нэрлэдэг байна. Эл авдарт дээл хувцсаа хадгалдаг бол тахилгынх нь дээшээ онгойдог. Тахилгын авдарт цагаан хурганы арьс, таван тансаг үнэртэн буюу арц, ганга, даль, зандан, агь хийдэг байж. Мөн есөн зүйлийн таван тарианы үр, өнгийн торго, эсвэл хадаг, есөн эрдэнэ, баадантай мөнгө, азын дөрвөн шагай хийж хадгалдаг уламжлалтай.
У.Сүрэн