Долдугаар сарын 22-нд Их Британийн хөгжимчин, дэлхий дахинд хүнд металл рокийг бэлэглэсэн Black Sabbath хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгсчээ.Тэрбээр ердөө хоёрхон долоо хоногийн өмнө зодог тайлах тоглолтоо төрөлх Бирмингем хотод хийсэн юм. Өнөөдөр түүний гэрэл зураг дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрэнд эмгэнэл гашуудлын тайлбартай гарч байна.
Рокийн ертөнцөд "Харанхуйн хунтайж" гэгддэг Оззи 1948 онд ажилчны гэр бүлд төржээ. Жон Майкл Осборн гэж эцэг эхээс нь өгсөн нэртэй түүний бага нас хэцүү, ядуу байсан гэдэг. Залуудаа сантехникч, засварчин, зураач, машины засварчин, мал нядалгаач, бүр булш ухагч хүртэл хийж байжээ. Хулгайн хэргээр аавын хаалга татаад авсан ч удаа бий.
Түүний энэ бараан бартаат зам Black Sabbath-ийн хөгжимд тусгалаа олсон гэж болно. Хамтлагийнханд хөгжилтэй хөнгөхөн поп дуунууд хуурамч санагдаж, хүнд, ширүүн хөг ая цээжнээс нь түрэн гарч ирж байлаа. Хиппи эриний төгсгөлд энэ аялгуу сонсогчдын сэтгэлд маш их нийцжээ.
Black Sabbath-ийн анхны цомог 1970 онд гарсан бөгөөд удалгүй Британийн хит чартуудын шилдэг эгнээнд орсон юм. Осборн үнэхээр цоглог, тод томруун гоцлол дуучин байсан ч 1979 онд аймшигт зан авир, архи, хар тамхины асуудлаас болж хамтлагаасаа хөөгджээ. Тус хамтлагт байх 10 жилийн хугацаанд 8 цомог бичсэн байдаг.
Хамтлагаасаа гарсан гээд Оззи уруудаж дордоогүй. Тэрээр бие даасан карьераа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 11 студийн цомог гаргасан бөгөөд хамгийн сүүлд 2020 онд "Ordinary Man" цомог нь гарсан юм.
Осборны карьерт түүний эхнэр Шарон ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд түүний ажил хэрэгч зан чанар, сэтгэл татам ялдам байдал, Оззигийн нэр хүндтэй хослон 2018 он гэхэд Осборныхон 196 сая доллароор үнэлэгдсэн хөрөнгө хуримтлуулсан байна.
Оззитэй холбоотой хамгийн дуулиан шуугиантай хэрэг 1982 онд Америкийн Айова мужид хийсэн тоглолтын үеэр болжээ. Тэрбээр тайзан дээр үхсэн сарьсан багваахайны толгойг тоглолтын жижиг хэрэглэл гэж андууран тас хазаж орхисон байдаг. Үүний дараа тэрээр галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх гэж эмнэлэгт ханджээ.
Оззи архины хамааралтай байсан. 1989 онд тэрээр согтуудаа эхнэрээ боомилохыг завдсан хэргээр баривчлагджээ. Энэ үйл явдлыг тэрбээр өөрөө санахгүй байсан бөгөөд дараа нь цагдаагийн хэлтэст ухаан ороод яагаад тэнд байгаагаа сонсоод маш их цочирджээ. Эхнэр нөхөр удалгүй эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Оззий 2013 онд нэгэн сэтгүүлд "Би хамгийн хайртай хүмүүс болох гэр бүлийнхэндээ адгийн новш шиг ааш гаргасан" гэж тэр тухайгаа ярьсан байдаг.
Оззи Осборны Паркинсон (салга)өвчөөр бараг хорин жилийн турш шаналж байсан юм. Хэдэн жилийн өмнө мотоциклоос унасны дараа нурууны хагалгаанд орох үеэр эмч нар түүний хүзүүний мэдрэлийг нь гэмтээснээр, биеийн байдал нь муудаж эхэлжээ.
Тэрээр 2025 оны 7-р сарын 6-нд болсон сүүлчийн тоглолтынхоо үеэр дандаа сууж дуулсан юм. Цугласан олон шүтэн бишрэгчдэдээ хандан "Би зургаан жил хэвтэрт байсан. Миний юу мэдэрч байгааг та нар мэдэхгүй байна" гэж хэлжээ.
Өнөөдөр дэлхийн рок хөгжимчид Оззи Осборныг хүндэтгэж, хүмүүс Холливудын алдрын гудамжинд түүний одтой хавтанд цэцэг өргөсөөр байна. Осборн Грэммигийн таван шагнал хүртсэн бөгөөд Их Британийн хөгжмийн алдрын танхим, АНУ-ын Рок-н-роллын алдрын танхимд хоёр удаа Black Sabbath хамтлагийн гишүүн болон бие даасан уран бүтээлчийн хувиар нэр нь бичигдэн мөнхөрсөн юм.