Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах чухал төслийн нэг нь Туулын хурдны зам. Энэхүү замыг 2.3 их наяд төгрөгөөр барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн сарын 27-нд зарласан. Тус тендерт дөрвөн аж ахуйн нэгж оролцсоноос Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсныг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр зарлалаа. Тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан гэв. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” нь 2008 онд Хонконгод байгуулагдсан, инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн компани юм байна. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодод 10 гаруй салбартай, төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан, тэр дундаа хурдны замын барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай аж.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулсан. Олон улсын экспресс зам тул гэрлэн дохиогүй, зорчигч 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой, Монголд анх удаа хэрэгжүүлж буй авто замын цогц төсөл юм. Уг ажлын хүрээнд 9.8 км урт гүүр, 190 метр урт туннел, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатарыг бүсэлсэн тойрог замын сүлжээг бий болгоно. Хурдны замын Яармагийн гүүрний баруун хэсэг дэх уулзвар нь төв замтай холбогдож, ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголон, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулна. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэлийг 40 гаруй хувиар бууруулна гэж тооцсон. Үүнийг дагаад эдийн засагт эерэг үр дүн гарч, иргэдийн цаг хугацааг хэмнээд зогсохгүй, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг цаашид хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэв.
О.Ундрах