УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15- нд нээхээр болжээ. УИХ-ын тухай хуулийн 17.1-ийн дагуу уг чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг байсныг ийнхүү 15 хоногоор наашлуулсан байх нь. Хаврын чуулганыг наадмын өмнө хаахтай зэрэгцээд намрынхаа бэлтгэл ажилд орсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна лээ. Мөн хаврын чуулганы төгсгөлд олон хууль “бөөндөн” батлав. Бас цөөнгүй томилгоо хийлээ. Байнгын хороодын тоог цөөлж, найм болгосон тул заримд нь дэд хороо нэмж байгуулах шаардлага үүссэн аж. Байнгын хорооны дарга нар тодорхой эрх мэдэл, ямба эдэлдэг учраас нэлээд өрсөлдөөн өрнөдөг юм. Тэгвэл энэ удаа аль болох шинэ, залуу гишүүдээс томилгоо хийх зарчим баримталжээ. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хамгаалагчид”-ын зорилго ийнхүү биелж эхэлсэн байх нь. Түүнчлэн баяр наадмын өмнө цөөнгүй хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Улс төр түр амсхийхийн өмнө юу болоод өнгөрөв, мөн найр наадам, урт амралт дуусахад намрын улс төр хэрхэн өрнөх бол.
“ХАМГААЛАГЧИД”-ЫН ЗОРИЛГО БИЕЛЭВ
Хаврын чуулганаар нийт 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталсан аж. Гэвч эдний ихэнх нь нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “засвар”-ын ажил байсныг бид өмнө нь мэдээлсэн. Эдгээрийн дунд УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэд хэдэн тусдаа төсөл байсан нь анхаарал татна. Гишүүн Х.Тэмүүжин засаглал, эрх мэдлийн хямралыг цэгцлэх агуулгатай төсөл өргөн барьсан бол А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй есөн хүн байнгын хорооны тоог 13-аас найм болгож цөөлөхийг хүссэн. Эдгээр төслийг нэгтгэн хэлэлцээд баталжээ. Ингэснээр наадмын өмнө парламентын бүрэлдэхүүнд багагүй хөдөлгөөн өрнөв. Байнгын хорооны тоог цөөлөх нь Л.Оюун-Эрдэнийн “хамгаалагчид”-ын хариу цохилт гэж үзэж байлаа. Үүний өмнө буюу шинэ Ерөнхий сайдыг томилсны дараа УИХ-ын гишүүн Э.Болормаа тэргүүтэн дараагийн Засгийн газарт хуучин сайд нарыг улираахыг эсэргүүцэж, оронд нь шинэ, залуу гишүүдээс томилохыг шаардаж байсныг уншигчид санаж буй биз. А.Ариунзаяа, Э.Болормаа нар бол өмнөх Ерөнхий сайдын талынхан, “улаан хамгаалагчид” нь гэдгийг олон нийт мэднэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах гээд бүтээгүй ч тэдний шаардлагыг байнгын хороо, дэд хороодын даргын түвшинд хэрэгжүүлэхээр талууд тохирсон бололтой. Учир нь татан буугдсан байнгын хороодын оронд дэд хороод байгуулж, даргаар нь зөвхөн шинээр сонгогдсон, залуу гишүүдийг томилсон юм. Бас байнгын хороодод тэднээс “шингээх”-ээ мартсангүй.
Нэмэлт оруулж баталсан УИХ-ын тухай хуулийн дагуу Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулж, Аж үйлдвэржилтийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус багтаасан байна. Ингээд шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хорооны даргаар гишүүн О.Номинчимэгийг сонгосон юм. Мөн нэрийг нь өөрчилж, бүрэлдэхүүнийг нь өргөтгөсөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ХҮН намын Б.Найдалаа ажиллах болов. Харин Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Дам.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар улираан сонгов. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга нар үргэлжлүүлэн ажиллаж буй юм. Үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очир, Төсвийн байнгын хорооны даргаар Х.Ганхуяг нарыг сонгосон билээ.
Тэгвэл дэд хороодын даргыг сонгохдоо экс Ерөнхий сайдын “нууц шаардлага”-ыг биелүүлж, түүний хүмүүсээс цөөнгүйг нь оруулжээ. Хоёр ч байнгын хороог өөртөө нэгтгэсэн тул Эдийн засгийн байнгын хороонд дөрвөн дэд хороо байх нь. Аялал жуулчлалын хөгжлийн болон Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороог шинээр байгуулжээ. Эхний дэд хороог гишүүн Н.Батсүмбэрэл, удаахыг нь Ч.Анар даргална. Мөн О.Батнайрамдал Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Б.Уянга Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдсон байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд хоёр дэд хороо байгуулжээ. Гишүүн Н.Алтаншагай Агаар орчны бохирдлын, М.Мандхай Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргаар ажиллахаар болжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд шинээр байгуулсан Бүсчилсэн хөгжлийн дэд хороог гишүүн М.Бадамсүрэн, Ёс зүйн дэд хороог Б.Баярбаатар удирдана. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүн дэх Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны даргаар С.Зулпхар, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны даргаар М.Ганхүлэгийг сонгожээ. Дээр дурдсанчлан тэд бүгд шинээр сонгогдсон гишүүн юм. Харин туршлагатай улс төрчийг сонгох учиртай Халдашгүй байдлын дэд хорооны даргаар гишүүн Ц.Даваасүрэн ажиллахаар болж байна. Ийнхүү нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь өөрчлөгдсөнгүй. Байнгын хороо байсныг нь дэд болгоод, дарга нараар нь шинэ, анх удаа сонгогдсон хүмүүсээс тавьсан нь энэ.
НАМАР ЮУ БОЛОХ ВЭ
УИХ-ын тухай хуулийн дагуу намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1, хаврынхыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлдэг. Харин намрын чуулганыг есдүгээр сарын 15-наас нээхээр болгосон нь хэлэлцэн, баталж амжаагүй зарим асуудлыг батлахын тулд ээлжит бус чуулган зарлаж мэднэ гэсэн таамаглалд өгсөн хариу болов уу.
Хаврын чуулганы төгсгөлд намар хэлэлцэх асуудлуудаа баталдаг. Эл ёсоор ирэх намрын чуулганаар нийт 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Юуны өмнө намрын чуулганаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Өнгөрсөн намар Л.Оюун-Эрдэнийн танхим маш үрэлгэн, тооцоо судалгаа багатай төсвийн төсөл оруулж ирээд төрийн ажлыг хэрхэн уясныг мартаж болохгүй. Г.Занданшатар эл алдааг давтахгүй гэж найдна. Тэгэхээр Монгол Улсын 2026 оны улсын төсвийг хэлэлцэх нь намрын чуулганаар хийх нэг гол ажил байх болно. Өмнөх чуулганаас “дамжиж ирсэн” Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Татвар, нийгмийн даатгалтай холбоотой бодит өөрчлөлт хийж, иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлж буй дарамтыг бууруулаасай хэмээх олон нийтийн хүлээлт бий.
Эдгээрээс гадна цаг үеийн гэх тодотголтой хууль, тогтоолын төслийг нэмж хэлэлцдэг. Хаврын чуулганыг хаахын өмнө УИХ-ын гишүүд, Засгийн газрын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Газрын тосны, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Засгийн газрын өрийн баталгаа гаргах тогтоолын төсөл зэргийг өргөн мэдүүлсэн байна.
Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд улс төр эрчимжинэ. Парламентын түвшинд улсын төсвөөс гадна цөөнгүй чухал асуудлыг хэлэлцэх бол улс төрийн гол хүчнүүд болох АН, МАН-д ч хөдөлгөөн өрнөх юм. Эдгээр намынхан их хурлаа хийж, даргаа солих, эсэхээ хэлэлцэн, шинэ дүрэм, хөтөлбөрөө Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Мөн шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын 100 хоног тохиож, иргэдээр дүнгээ тавиулна. Хэдийгээр хаврын чуулган завсарласан ч Засгийн газар ажиллаж байгаа. Нийгэмд өрнөж буй олон үйл явдалд хэрхэн хариу өгөх, бодлогын ямар шийдвэр гаргахаас Ерөнхий сайдын ур чадвар, туршлага тодорхойлогдоно. Хариуцлагагүй үг, үйлдлээсээ болоод энэ Засгийн газрын зарим сайд шүүмжлэлд өртөөд эхэлчихсэн байна. Тэгэхээр 100 дахь хоногтоо ямар дүн авахаас тэдний танхимын цаашдын хувь заяа хамаарна. Намрын их улс төрийн өмнөх түр амсхийлт үргэлжилж байна. Амрах зууртаа улс төрчид яриа тохироогоо үргэлжлүүлж буй биз ээ.