Авто тээврийн газрын дарга асан Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар, ХХААХҮЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга асан П.Баянмөнх нартай Ерөнхий сайд С.Батболд өчигдөр уулзсан сурагтай. Тэднийг зарим яамны ор гарсан дэд сайдын албан тушаалд томилогдох магадлал өндөр гэж эх сурвалжууд үзэж байна. Дээр дурдсан хүмүүсээс П.Баянмөнхөөс бусад нь сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа юм. Сонгуулийн тухай шинэ хуулиар зургаан сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх учиртай. Б.Цэнгэл, Д.Батхуяг, Л.Мөнхбаатар нарын хувьд хуулийн энэ заалтад хамаарах хугацаанаас өмнө ажлаа өгсөн.
Б.Цэнгэлийг ЗТБХБ-ын, П.Баянмөнхийг ХХААХҮ-ийн дэд сайдад томилох нь баталгаатай гэж эх сурвалж үзэж байна. Д.Батхуягийг ЭБЭХ-ний дэд сайдад томилуулахаар ярьж байгаа ч өөрөө үгүйсгэв. Тэрбээр АМГ-ын даргаас чөлөөлөгдсөнөөс хойш Ерөнхий сайдын зөвлөхийн ажилд шилжжээ. Д.Цогтбаатар яг ийм замаар төрийн албанаас чөлөөлөгдөж БОАЖ-ын сайдаар томилогдсон байдаг. Л.Мөнхбаатарыг НХХ-ийн дэд сайдаар томилох боломжтой гэж байгаа ч аль яаманд очих нь хараахан тодорхойгүй байгаа гэнэ. Гадаад харилцааны дэд сайдад МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэрийн нэр дуулдаж байсан. Бараг энэ хувилбар нотлогдох болов уу гэж тус яаманд ойр эх сурвалж ярив. Өөр хүмүүсийн нэр ч дуулдав. МАН-ын эмэгтэйчүүд мөн л жендерийн асуудал ярьж намын дарга дээрээ орсон юм байх. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Ю.Идэрмаа, уул уурхайн “Монполимет” компанийн захирал Б.Гарамжав нарын нэрийг аль нэг яамны дэдэд дэвшүүлэхээр НАМЭХ-ноос санал болгосон гэх яриа явна.
Маргааш өглөө болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэд сайдад горилогчдын нэр тодорч, Засгийн газрын хуралдаанаас томилох юм байна.
Г.ЭНХ