Долоо хоног бүрийн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийдэг. Энэ асуудлын хүрээнд цөөнх 25 минутад багтаан үг хэлдэг уламжлалаа сэргээх ёстой гэсэн шийдэлд АН-ын бүлэг өчигдөр хүрчээ. Ингэснээр хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх, шийдвэрлэх үед олонх нь хүсэл зорилгоо тулгахгүй, цөөнх нь хурал хаяхгүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний завсарлага авахгүй байхыг Парламентын бүлгүүд эрхэмлэнэ гэсэн тохиролцоогоо үгүй хийхэд хүрэв. Засгийн газрын тэргүүний мэдээлэл нь нэг ёсны ажлын тайлан маягийн эд байдаг. Түүнтэй нь холбогдуулж байр сууриа илэрхийлнэ гэдэг нь эрх баригчдын зөв, бурууд бус, тэдний хийсэн бүгдийг сонгууль хүртэлх хугацаанд харлуулна л гэсэн үг. Өмнөх жишиг яг тийм байв. Өөрөөр хэлбэл, УИХын чуулганы танхим сонгуулийн суртал ухуулгын нэг талбар болж эхэллээ.
Хуулийн дагуу энэ сарын 10 (ирэх долоо хоногийн баасан гаригт)-нд намрын чуулган завсарлана. Намрын чуулганаар хэлэлцэж батлахаар төлөвл өсөн асуудал одоогийн байдлаар 40 орчим хувьтай байх шиг. Сүүлийн хоёр долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг харахад тийм ч олигтой дүр зураг харагдсангүй. Хаврын чуулганы ирц, уур амьсгал ямар байх нь бас ойлгомжтой. Ерөнхийдөө сонгуульд зориулсан популист уриа, лоозон УИХ-ын танхимаас цуурайтна. Гэтэл өнөөдөр эдийн засгийн бодит боломжоо ашиглаж, хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой, тааламжтай нөхц өлийг бүрдүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Хэдийгээр өвөр түрий тусгаарласан ч УИХ-ыг үндсэнд нь бүрдүүлж буй МАН, АН-д үлдсэн хугацаанд өмнөхөөс ч илүү өндөр хариуцлага ногдож байгаа юм.
“Манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү үнэт зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг, аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо XXI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголтыг хийлээ” гэж гурван жил хагасын өмнө МАН, АН хоёр саймширч байв. Энэ хугацаанд амжуулсан бүтээсэн зүйл нэлээн бийг үгүйсгэхгүй. Тэгвэл үлдэх өдрүүдэд өндрөөс өндөр хариуцлага ногдож буйг дахин сануулахад илүүдэхгүй. Үзэл суртал хэрээс хэтэрвээс бүтээснээсээ илүүг нураана. Сонгууль угтсан улс төр угаас тийм жамтай мэт боловч богино ухаанд дөрлөгдөж эрсдэл үүсгэх эсэх нь улстөрч, УИХ-ын гишүүдийн уужим бодол, урт ухаанаас шууд хамаарах билээ.
Өнөөдөр халамжийн хууль тойрсон хэрүүл УИХ-д үргэлжилж байна. Олон хүүхэдтэй эхэд мөнгөн урамшуулал олгохгүй гэж АН-ын авсан завсарлага дуусаагүй. Мөнгө илүүдээд байгаа юм бол хүүхдийн мөнгийг 20 мянга болгон сэргээе гэж тэд хэлээд байгаа. Аль аль нь гэр бүл, хүн амаа өсгөх зорилго агуулж байгаа нь маргаангүй ч учраа олохг үй гацчихаад байна. Гэвч энэ бол Парламентыг гацаах асуудал огтоос биш. Улс төр бүр биш. Нийгэмд ужгирсан бэлэнчилдэг, ядуу зүдүү байх нь хамаагүй амар хялбар аргаар амьдрах гэсэн богино бодолтнуудыг өөртөө татах гэсэн намуудын арга ядсан хэрнээ ядарсан уламжлалт оролдлого юм. Эцэст нь ийм бодлого эдийн засгаа нугасалдаг горыг нийгмээрээ л мэдэрсэндэг. Ийм популизм сүүлийн үед УИХ дотор идэвхжиж эхэлжээ.
Үлдсэн хугацаанд эдийн засгийн бодит боломжоо ашиглаж, хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгж үүлэх, улс төрийн тогтвортой тааламжтай уур амьсгалыг хадгалах нь МАН, АН-ын нийгмийн өмнө хүлээсэн үүрэг болж байна. Энд нэгийг нь эрх баригч, нөгөөг нь сөрөг хүчин гэж дунд нь яс хаяхыг олон нийт лав хүсэхгүй. Тохирсон ёсоороо Тавантолгойгоо даруйхан эргэлтэд оруулаасай, ДЦС-ын тав дахь эх үүсвэрийг бий болгоосой, татварын уян хатан хийгээд шударга орчныг хуульчлаад өгөөсэй, бизнес хөгжүүлэх боломжийн таатай нөхцөлөөр хангаад өгөөсэй гэж л хүсэж байна. АН хамтарсан Засгийн газраас гарснаас Монголыг онилсон хөрөнгө оруулалтын хурд, цар хүрээ саараад эхэлснийг улстөрчид эрх биш анзаарсан биз ээ.
АН амиа бодож, замаа хөөгөөд яваад өгсөн хэдий ч сөрөг хүчний дүрд хэтэрхий битгий автаасай гэсэн бодол олон түмэнд байгааг алхам тутамдаа мэдэрч суугаа биз ээ. Хоёр намын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа ч олонх нь хүсэл зорилгоо тулгахгүй, цөөнх нь хурал хаяхгүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний завсарлага авахгүй байхыг Парламентын бүлгүүд эрхэмлэнэ гэсэн зорилт хэвээрээ гэж ойлгож байна. Хамтарсан Засгийн газар бутарснаар УИХ-ын нэгдмэл чанар алдагдах ёсгүй билээ. АН нь засгаас гарсан гээд олонхио сөргөхгүй, МАН хүсэл зорилгоо цөөнхдөө тулгахгүй байж чадвал энэ УИХ зарчмаараа ажиллаж болох биз ээ.
Э.ТӨР