МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцжээ. Тавантолгойн ордоос аж ахуйн нэгжүүдэд олгох 10 хувийн хувьцааг иргэн бүрийн эзэмших 536 хувьцаан дээр нэмэх асуудлыг үүгээр зохицуулсан юм. Ингэснээр иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшинэ гэсэн үг. Засгийн газрын түвшинд өмнө нь уг асуудлыг яриад хоёрдугаар сарын 1-нээс иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ, улмаар иргэд сая төгрөгөө бэлнээр авна гэвэл хувьцаагаа Засгийн газарт зараад мөнгөө бэлнээр авч болно гэж байсан билээ.
МАН-ынхан ч энэ зарчмыг дэмжсэн байна. Гэхдээ сая төгрөгөө бэлнээр авна гэсэн иргэдийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгжүүдэд худалдаж, мөнгө нь санд төвлөрсний дараа олгох гэнэ. Мөн хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болсны дараа иргэд сонголтоо хийх учиртай. Энэ оны улсын төсөвт 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийлсэн 300 гаруй мянган хүнд нэг сая төгрөгийг нь бэлнээр олгох хөрөнгийг суулгасан. Тиймээс эдгээр хүмүүс эхний ээлжинд мөнгөө авч болох юм байна. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс тодрууллаа.
-Засгийн газар хоёрдугаар сарын 1-нээс иргэн бүрт хувьцаа олгож эхэлнэ гэсэн. Тэгэхээр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөө хэзээ авч болох вэ?
-Эх үүсвэр нь төсөвт байгаа учраас ойрын хугацаанд олгоно. УИХ өөрөөс шалтгаалах хууль, эрх зүйн орчныг батлаад өгсний дараа Засгийн газар зохион байгуулна.
-1072 ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ тодорхой болоог үй байгаа. Гэтэл 1072 ширхэг хувьцаа авах уу, эсвэл сая төгрөг авах уу гэсэн сонголт хий гэхээр УИХ үнэлчихэж байгаа хэрэг биш үү. Энэ нь хэр зохимжтой юм бэ?
-УИХ үнэлээгүй л дээ. Олон улсын байгууллагуудын хэлж буйгаар ширхэг хувьцаа 1000 орчим төгрөг байж болно гэсэн төсөөлөл бий. Яах вэ нэг талаас харвал хувьцаа, эсвэл сая төгрөг гэхээр үнэлсэн мэт харагдаж болох ч нэрлэсэн үнэ дараа нь тодорхой болно.