МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр үдэд Төрийн ордны “А” танхимд болж, дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцээд дэмжжээ. МАН-ын дарга С.Батболд дэдүүдийг томилохдоо намын дэргэдэх НАМЗХ, НАМЭХ, Зүүний хүчний холбоонынхонд санал тавьсан юм байна. Энэ дагуу НАМЗХ-ноос “МАК” корпорацийн дэд ерөнхийлөгч Н.Ном тойбаярыг НХХ-ийн, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэрийг Гадаад харилцааны, НАМЭХ-ноос “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг ЭБЭХ-ний, “Бишрэлт” группийн ерөнхийлөгч Б.Ундармааг БСШУ-ны, Зүүний хүчний холбооноос П.Баянмөнхийг ХХААХҮ-ийн, Б.Цэнгэлийг ЗТБХБ-ын дэд сайдаар томилуулах санал оруулжээ.
Засгийн газар үдээс хойш шуурхай хуралдаан зарлаж, нэр дэвшигчдийг жинхэллээ. Томилгоог хийхдээ Засгийн газрын өмнө тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан үзсэн. Дэд сайдууд хамгийн дайчин, шуурхай ажиллах ёстой. Бодитой, үр дүнтэй ажил санаачлан хийхийг үүрэг болгож байна гэж Ерөнхий сайд онцлов.

ДЭДҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
Г.ТЭНГЭР. 1974 онд төрсөн. 1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль төгссөн. Удирдлагын ухааны бакалавр. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд хоёр жил ажиллажээ.
П.БАЯНМӨНХ. 1970 онд төрсөн. 1993 онд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хөдөө аж ахуйн ухааны доктор. 1993-1995 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998- 2010 онд ХХААХҮЯ-нд сайдын туслах, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан.
Н.НОМТОЙБАЯР. 1978 онд төрсөн. 1997-2000 онд АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес хос мэргэжлээр, 2009-2011 онд ХБНГУ-ын Техник, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн. 2001-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2010 оноос “МАК” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Төрийн албанд долоон жил болсон.
Б.ЦЭНГЭЛ. 1968 онд төрсөн. 1985- 1990 онд ЗХУ-ын Иваново хотын улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн. 1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992- 1999 онд НИТХ, НЗДТГ-ын зохион байгуулагч, хуулийн зөвлөх, 2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын- Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-ны Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажилласан.
Ц.ГАРАМЖАВ. 1959 онд төрсөн. 1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1976-1981 онд МУИС, 1984 онд ЗХУ-ын Москвагийн их сургууль, 1993 онд Италийн Ром хотын их сургуулийг инженер-геологич, ашигт малтмалын гэрээний эрх зүйч мэргэжлээр төгссөн. Геологийн ухааны магистр. 1981-1992 онд Улсын барилгын зургийн институт, Геологийн товчоонд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2012 онд “Монполимет” группийн ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Б.УНДАРМАА. 1964 онд төрсөн. 1972-1982 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1982-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотноо хэлний бэлтгэл, 1983- 1988 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль төгссөн. Инженер-эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. 1989-1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1990-1994 онд БСШУЯ-ны дэргэдэх Олон улсын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1994-2009 онд “Бишрэлт” группийн захирал, 2010-2011 онд “Гэр бүл хөгжил төв”-ийн тэргүүнээр ажиллажээ.
Го.ЭНХТӨР