Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд шийдвэрлэж, уг ажлыг зохион байгуулах хороог Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулсан юм. Энэ хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулах аж.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдыг Японд айлчлуулж энэ ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцуулах, Японы парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын даргыг Монголд айлчлуулах, “Байгальд ээлтэй амьдралын хэв маяг” сэдвийн дор Японы технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, “Монголын аж үйлдвэр, техник, технологийн хөгжилд Япон улсын оролцоо, боломж, нөхцөл” сэдэвт судлаачдын уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гэрэл зургийн болон Японы бэлэг дурсгалын зүйлийн, Монголын үндэсний хувцасны үзэсгэлэн гаргах, хоёр орны оюутны наадам, бизнес форум зохион байгуулах, Японы сэтгүүлчдийг урьж, Монгол Улсыг сурталчлуулах юм байна. Ойн нэрэмжит логобилэгдэл тэмдгийн загварыг бас танилцуулав. Уралдаан зар лаж, ШУТИС-ийн багш Б.Энхбатын бүтээл шалгарчээ. “40” гэсэн тооны дөрвийг нь хөх, тэгийг нь улаан өнгөөр худам монголоор бичжээ. Хөх өнгөөр Мон гол Улсыг, Улаан өнгөөр Япон улсыг илэрхийлжээ. Дөрвийн тооны эхэнд нар, сар, дөлийг зурж, Монгол түмний билэгдлийг тодотгож, тэгийн тоог Япон улсын төрийн далбаан дахь дугуй улаан нарыг билэгдэж, нар зөв дугуйлан зурсан байна.