.jpg)
Налайх дүүрэг дэх ХААН банкны салбарт зэвсэгт дээрэмчин халдаж, хоёр хүн буудаж гэмтээсэн хэрэг өчигдөр өглөө гарлаа. Гэмт этгээд өчигдөр өглөө тус салбарын захиралтай уулзахаар явж байна хэмээн гар цүнх барин өрөөнд нь орсон аж. Улмаар цүнхнээсээ тайрсан буу гаргаж ирэн, захирал Т-г сүрдүүлж, маргалдсан гэнэ. Энэ үед гаднаас Т-гийн нөхөр Б ирж, эхнэрийнхээ урдуур орж суманд оногджээ. Хохирогчийг оносон сум биеийг нь нэвтлэн гарахдаа үйлчилгээний танхимд сууж байсан эмэгтэйн гарыг шүргэж гэмтээн улмаар танхимын цонхыг хагалсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй Б гэх залуу үйлдээд банкнаас гарч зугтахдаа Налайх-Улаанбаатарын чиг лэлд хүн тээвэрлэдэг жолооч Г-г машин тай нь барьцаалан нийслэл рүү явжээ. Харин энэ үед Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяр шуурхай Ажлын хэсэг байгуулан ажиллаж, Нийслэлийн цагдаагийн хүрээний анги байгууллагад мэдэгдсэн байна. Түүний удирдсан Ажлын хэсгийнхэн гэмт этгээдийн барьцаалсан машины хойноос хөөсөн бөгөөд цагдаа нар зогсохыг шаардахад замдаа хоёр ч удаа буудаж эсэргүүцжээ. Гэмт этгээд машин болон барьцаалсан хүнээ орхин Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Туул зөрлөгийн орчимд төмөр замын нүхэн гарцанд нуугдсаныг Ажлын хэсгийнхэн баривчилсан байна. Хохирогч Б-д өчигдөр яаралтай мэс ажилбар хийж, нэг бөөрийг нь авсан тухай, биеийн байдал хүнд байгаа талаар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Өлзийсайхан хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.