Ардчилсан хүчний холбоо өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд анхдугаар чуулганаа хийсэн талаар бид мэдээлсэн. Энэ үеэр АХХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн албатай УИХ-ын гишүүд нам дотроо “Шонхор” хэмээх албан ёсны фракц байгуулж буйгаа мэдэгдсэн байна. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас энэ талаар тодрууллаа.
-АН-ыг хамтарсан Засгийн газарт ороход сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “бүдэгрүүлэх нь” хэмээн эсэргүүцсэн 10 гаруй гишүүн анх “Эрдэнийн хувь” бүлэг байгуулсан. Энэ бүлэгт данстай гишүүд АХХ-г байгуулсан гэхэд болно. Одоо хамтарсан Засгийн газраас АН гарсан учир уг бүлгийг татан буулгаж байгаа хэрэг үү?
-Хамтарсан Засгийн газарт АН орох болсонтой холбогдуулан “Эрдэнийн хувь” бүлгийг байгуулсан нь үнэн. “Алтан гадас” фракцын эсрэг талын бүлэг байсан. Одоо энэ бүлэг шаардлагагүй болсон.
-Тиймээс та бүхэн “Шонхор” гэдэг фракц байгуулснаа зарласан юм уу. Энэ фракц одоогоор хэдэн гишүүнтэй байна вэ?
-З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү гишүүн болон би ороод таван хүнтэй. Энэ бол АН дотор байгуулж буй албан ёсны фракц. Цаашдаа гишүүдийн тоо нэмэгдэнэ байх.
-Ямар агуулгаар бэлгэдэж фракцаа “Шонхор” гэж нэрлэв?
-Эзэн Чингис хааны үед цагаан шонхор шувуу бэлгэдэл нь байсан. Тиймээс энэ нэрийг сонгосон.
С.ТУУЛ