Монголд 40 гаруй агентлаг бий. Хамтарсан Засгийн газар байгуулсны дараа газар, агентлагуудын тоог цөөлсөн нь энэ. Тоог нь бууруулсан ч өнөөх агентлаг, газар хэмээх “вант улс”-ыг тэргүүлэгчдийг оновчтой сонгох талаар ахиц гарсангүй. Албан тушаалыг “бялуу хуваах” зарчмаар өгч, авалцдаг жишиг тогтоод удав. Сонгуулийн тухай шинэ хууль гарснаар нэр дэвших хүсэлтэй албан тушаалтнууд нэгдүгээр сарын 1 гэхэд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах болоогүй ч эндээс хэн хэн нэрээ сойх нь тодорхой болсон юм. Тэднээс зарим нь АН-ын орон гарсан дэд сайд, сайд нарын оронд очоод байна. Сонгууль тойрсон улс төр ийнхүү өрнөж байх зуур цаана нь төрийн ажил хэцүүдэв. Дарга нь сонгууль “хөөгөөд” явчихсан учир олон агентлаг, газар эзгүйрэв. Гэтэл орны хүний томилгоон дээр Засгийн газар танхимаа бүрдүүлэхдээ яарсан шиг хандсангүй. Бараг “мартчихсан” аятай л сууна.
ЯМАР АГЕНТЛАГ ДАРГАГҮЙ БАЙНА ВЭ
Авто тээврийн газрын дарга байгаад сонгуульд нэр дэвшихээр өргөдлөө өгсөн Б.Цэнгэл эдүгээ Зам тээвэр, барилга л хот байгуулалтын дэд сайд болсон. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, ГЕГ-ын дарга А.Мурат, УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нар ч сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн билээ. Сонгуулийн сургаар ийнхүү таван газар даргагүй үлдсэн. Дээрээс нь ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаас нь Д.Цогтбаатарыг чөлөөлж, БОАЖ-ын дэд сайд болгосон. Тиймээс ГХЯ төрийн нарийн бичгийн даргагүй байна гэсэн үг. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д. Мандах, орлогч дарга Ц.Доржпалам, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, орлогч дарга Ц.Амараа нарыг шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн байхад хяналт тавиагүй, хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.
ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр эдүгээ Хууль хяналт, зохицуулалтын газрынх нь дарга А.Ариунболд ажиллаж буй аж. Хариуцлага тооцож даргыг нь чөлөөлсөн учир Цөмийн энергийн газар ч “эзэнгүй” байна. Үндсэн хуулийн цэц ч даргагүй жил тойров. “Эцэг” хуулиа манаж байх учиртай байгууллага албан ёсны тэргүүнгүй жил шахам болж байхад УИХ тоосонгүй. Ийнхүү төрийн байгууллагууд багадаа сар гаруй, ихдээ жил орчим даргагүйгээр ажиллаж байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН НЬ
Албан тушаал бүрийг бүлэглэл, фракцуудынхаа аяыг харж хуваарилдаг энэ үед Засгийн газар яг л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болжээ. Эдгээр албан тушаалд очих хүн олдохгүй байна уу гэвэл үгүй. Харин ч будаан дээр шавсан болжмор мэт олдоно. Нэг албан тушаалд гэхэд л хотын, Увсын, С.Баярын, С.Батболдын, Зүүний хүчний холбооны, залуучуудын, эмэгтэйчүүдийн гээд байж болох бүх л бүлэглэл, фракцаас хүнээ сойх учраас тэр. Танилын нүүр халуун гэгчээр Ерөнхий сайд ч, УИХ ч ацан шалаанд ордог. Энэ нь томилгоо удсаны шалтгаан, үнэндээ шалтаг. Хотын фракцаас дэвшүүлсэн хүнийг томилчих юм бол бусад нь хорхойтой араандаа зууна.
Санаачилсан төсөл, хөтөлбөрийг нь дэмжихгүй байдлаар энэ “зуулт” нь илэрнэ дээ. Тамын тогооны үлгэр шиг ийм нөхцөлд ажлаа явуулахын тулд фракцуудын аяыг олох гэсээр Ерөнхий сайд зүдэрч байна. Цаана нь төрийн ажил эзэнгүйдэж, ажилтнууд нь цалгардаж, иргэд чирэгдээд байдаг. “Алтан дундаж” шийдвэр гаргачих гээд толгойгоо гашилгаж суухдаа үүрэг гүйцэтгэгч гээд түр хүн томилж орхино. Угаасаа л түр ажиллах хүн энэ ажилд сэтгэлээ зориулах нь ховор. Тухайн албанд дороос нь дээш бүх шатыг туулж ажилласан, чадварлаг, туршлагатай, угийн сэтгэлтэй үүрэг гүйцэтгэгч нар цөөн боловч бий. Гэвч энд тэндээс “олж ирсэн” үүрэг гүйцэтгэгч нар гарын үсэг зурах эрхийг ашиглаад хувийн болоод танилууддаа ашигтай шийдвэр амжиж гаргахад л анхаарлаа хандуулах нь элбэг.
Нам, фракцууд төрийг атгасан ийм дүр зураг зүй бус юм. Төр хэдхэн хүний гарын аяыг харж ажилладаг, тэд толгой дохихгүй л бол ажил урагшилдаггүй, ард түмэн хохирдог байх ёсгүй. Тэгэхээр томилгоо гацдагийн гол шалтгаан нь төр хүчгүйдсэнд байх нь. Ганц С.Батболд, Д.Дэмбэрэл ингэж гар хөлөө уяулсан юм биш. УИХ, Засгийн газар, төр бүхэлдээ бүлэглэлүүдэд “атгуулчихжээ”. Төрийг хэдхэн олигарх атгаад буйг гуравдагч хүчний намууд ч, эрх баригч намын гишүүд дундаас ч хэлсээр байгаа. Төрийг өөрийг нь хараат бус болгож, эрх чөлөө олгох хэрэгтэй болжээ. Төр төмөр нүүр гаргахдаа гаргаж, өршөөхдөө өршөөдөг, ажилласан шиг ажилладаг байх ёстой. Бүлэглэлүүд биш УИХ хууль тогтоож, Засгийн газар айж дальдралгүйгээр түүнийг нь хэрэгжүүлдэг байх учиртай. Ийм өөрчлөлт л зүй ёсных болоод байна.
С.ТУУЛ