УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэхээр гурван талт хэлэлцээрээр шийдсэн учир Засгийн газар уг амлалтаа биелүүлэх эрх олгох хүсэлт тавьсан аж. Үүнд 172 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Төсөвт тодотгол хийхгүйгээр үүнийг зохицуулах эрхийг тэд хүсчээ. Гэвч АН дэмжээгүй байна. Энэ асуудлаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгснөөр Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийг зөрчих гэнэ. Тиймээс төсөвт тодотгол хийх замаар л шийдэх гарц бий гэж үзжээ. Мөн орон нутгийн сонгуулийг нэг өдөр, зэрэг зохион байгуулах ёстой гэсэн байр сууриа АН хадгалж байна.
Энэ асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн нэгэн төсөл санаачилсныг өчигдөр хэлэлцжээ. Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхаас тусад нь, намар явуулахаар уг төсөлд тусгасан аж. Мөн З.Энхболд тэргүүтний боловсруулсан хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахад шаардлагатай өөрчлөлт хийх тухай төсөл бий. Уг төсөлд санал авахаар Засгийн газар хүргүүлсэн. Тиймээс намынхаа төсөлд Засгийн газрын саналыг автал МАН-ын талаас санаачилсан төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зөв гэж АН-ын бүлэг үзсэн байна.
Хэрэв МАН хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахгүй гэвэл АН-ынхан хэлэлцүүлгээс завсарлага авах нь. Түүнчлэн ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох эсэх асуудлаар ч АН эсрэг байр суурьтай байна. Тус зөвлөлд УИХ-аас дөрөв, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс тус бүр хоёр хүнийг санал болгосон. Нийт 17 хүн нэр дэвшүүлсний олонх нь өмнө нь дэд сайд, УИХ-ын гишүүн, сайд байсан, намын харьяалалтай, улс төрд “хутгалдсан” байгаа аж.
Үндэсний зөвлөлд улс төрөөс, намаас ангид хүн тавих ёстой гэж үзсэн учир УИХаас нэр дэвшүүлсэн эрхмүүдийн асуудлыг нухацтай ярих ёстой хэмээжээ. Эдгээр асуудлаар АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгээс тодрууллаа.
-Намрын чуулган энэ долоо хоногт завсарлана. Засгийн газарт эрх олгохг үй, заавал төсөвт тодотгол хийнэ гэхээр цаг хугацааны боломжгүй юм биш үү?
-Засгийн газар тодотголын төсөл өргөн барьсан ч энэ чуулганд багтаахад хүнд болно. Гэхдээ тэд төслөө өргөн баривал УИХ зохион байгуулалтаа хийх байх. УИХ-ын дарга чуулганы хуралдах хугацааг долоо хоногоор сунгах эрхтэй. Чуулган удахгүй завсарлана гэсэн нэрийн дор шахалт үзүүлж, хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хэрэв Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг УИХ баталчих юм бол жил бүр улсын нэгдсэн төсөв баталж байх шаардлагагүй. Энэ нь муу жишиг тогтооно. Төсвийн орлого, зарлагыг уялдуулах ёстой, гэтэл одоогийн өргөн барьсан төсөлд тэр талын заалт огт байхгүй.
С.УУЛ