“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Малчдын бэлэн мөнгөний гол орлого болсон ноос, ноолуур бэлтгэдэг улирал дөхөж байна. Төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг хүү багатай, урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр дэмжиж малчдын гараас түүхий эдийг шууд авч ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын бэлтгэл ажлын явцад Ц.Сэдванчиг анхаарлаа хандуулжээ.
Тогтоолын дагуу 300 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн байдаг. Түүнийг арилжаалснаар хэдий хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдсэн, төсвийн дансанд төвлөрсөн эх үүсвэрээр ямар арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулсан талаар тодруулахыг хүссэн байна.
Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үйлдвэрлэгчдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн хэмжээг аж ахуйн нэгжээр, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх, эргэн төлөлт, тайлагнах үйл ажиллагаанд төрийн аль байгууллага, хэн ямар байдлаар хяналт тавьж байгаа талаар, Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулснаар хэдэн үйлдвэр шинээр байгуулсан зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хариулт авч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.
Э.ТӨР