Ангараг гараг дээр судалгаа хийж буй НАСА-гийнхан Гейл тогоо орчимд олон өнцөгт хэлбэртэй хачирхалтай чулуулгийн тогтоц илрүүлжээ. Эртний гаргийн уур амьсгал, усны ул мөрийг судлах зорилготой “Curiosity” нэртэй зургаан дугуйт робот геологийн судалгаа хийх явцдаа шинжлэх ухаанд сонирхол татахуйц шинэ олдвор илрүүлсэн нь энэ юм.
50 сая жилийн настай гэж тооцогдож буй “Антофагаста” хэмээх жижиг хонхор луу чиглэн явах замдаа олон өнцөгт хэлбэр бүхий зөгийн үүрийг санагдуулам хээтэй чулуулгийн тогтоцтой тэр таарчээ. Судлаачдын үзэж буйгаар ийм төрлийн хээ нь эрт цагт тухайн бүс нутагт ус байсны ул мөр байх магадлалтай гэнэ. Ялангуяа хөрс хатаж, агших үед ийм олон өнцөгт хагарал үүсдэг тул Ангараг гараг өмнө нь илүү чийглэг орчинтой байсан байж болзошгүйг илтгэжээ. Энэхүү нээлт нь Ангараг гаргийн геологийн түүх, уур амьсгалын хувьслыг тайлбарлахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд онцолж. Цаашид “Curiosity” робот уг бүсэд илүү нарийвчилсан шинжилгээ хийх төлөвтэй байна.
Л.Ням