Авлига өгсөн, авсан, зуучилсан бүгдэд ижил ял ногдуулдаг тогтолцоог халж, зөвхөн авсанд нь хүндхэн хариуцлага
тооцож, өгснийг нь өршөөдөг байх нь зүйтэй гэж УИХын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь үзэж байна. Энэ сэдвээр түүнтэй ярилцлаа.
-Авлига өгсөн, авсан хоёр этгээдэд хариуцлага тооцдог хуультай байсаар ирсэн хэрэг үү?
-Авлига цэцэглэн хөгжих нэг нөхцөл нь наад хууль чинь юм. 2000 оны үеэс авлигын гэмт хэрэг ихээхэн нууц байдалд орсон. Энэ нь явсаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Авлигыг хаан боож, хязгаарлахгүйгээр Монгол Улс үсрэнгүй хөгжиж чадахгүй. Авлигын гэмт хэргийг хязгаарлахад нэмэр болгох зорилгоор Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын бидний хэсэг гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай (Ашиг сонирхлын зөрчлийн тухай) хуулийн төслийг батлуулах гэж хоёр жил гаруй ажилласны үр дүн сая гарлаа. Энэ бол нэг алхам. Авлигыг зогсоохын тулд олон арга хэмжээ авах ёстой.
-Манай улсын хууль хяналтын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаанд зөрчил дутагдал байгаа гэж үздэг хүн олон бий. Цагдаа, шүүхийг өөрчлөн шинэчлэхгүйгээр авлигыг таслан зогсоож чадах уу. Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Түүнд УИХ-ын дэмжлэг дутаад байх шиг санагддаг.
-Шүүхийн шинэчлэлийн асуудал чухал байна. Шүүх шударга ажилладаггүй учраас л авлига газар авч байна гэж олон түмэн ярьдаг. Тийм учраас шүүхийн шинэчлэлийг түргэтгэх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй байна. Төр, засгийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулах ёстой. УИХ хяналтын байгууллагыг томилдог нь буруу тогтолцоо гэж үздэг. Тухайлбал, УИХ-д олонх болсон нам Төрийн аудитын байгууллагад өөрийн хүмүүсээ томилдог. Улсын үйлдвэрийн газруудад шалгалт оруулаад “юм” гарч ирдэггүй. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг эрх баригч нам, улстөрчдийн саалийн үнээ гэж ярьдаг чинь үүнтэй л холбоотой шүү дээ.
Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар улсын үйлдвэрийн газруудад шалгалт оруулъя гэдэг асуудлыг миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдад тавьсан. Арга хэмжээ авна гэж амласан ч өнөөдрийг хүртэл хөндлөнгийн аудит оруулахаас зайлсхийсээр байгаа. Ийм өөрчлөлт хийхгүй бол авлигатай бодитойгоор тэмцэж чадахгүй. Улсын үйлдвэрийн газруудад олон улсын хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, зөрчил гаргагчидтай хариуцлага тооцох ёстой. Хувьцааны тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалж, олон нийтийн хяналт тогтоож өгөх ёстой. Энэ талаар УИХын тогтоолын төсөл санаачилсан.
-Шүүхийн тухай хуулиас гадна Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлага байгаа вэ?
-Авлига өгч, авсан этгээдийг хоёуланг нь шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг. Тэгэхээр авлигын хэрэг илэрдэггүй. Тийм учраас авсанд нь хатуу шийтгэл ногдуулж, өгснийг өршөөдөг болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй байгаа юм. Гадаадын шинжээчид энэ талаар удаа дараа зөвлөгөө өгдөг байсан ч эрх баригчид үл ойшоосоор ирсэн. Эрүүгийн хуулийн авлигатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан. УИХ ойрын үед шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа.
-Аудит, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагыг эрх баригчдын хяналтаас гадуур яаж байлгах вэ. УИХ-д нэг нам олонх болох нь байдаг л үзэгдэл. Ерөнхийлөгч нэг намаас нэр дэвшиж сонгогддог. Бас эрх ашигтай нь зөрчилдөх зүйл гарна даа.
-Иргэний нийгмийн байгууллага, УИХ дахь цөөнхийн төлөөллийг хяналтын байгууллагад томилдог байх нь зөв. Ингэж чадвал дотоод хяналттай болно. Гар хоосон цөөнх олонхио хянаж чадахгүй шүү дээ.
-Авлига авсныг нь чанга шийтгэж, өгснийг нь өршөөх заалтыг Эрүүгийн хуульд оруулж чадах уу?
-Төслөө батлуулахыг л хичээнэ. Ил, далд янз бүрийн аргаар эсэргүүцэл үзүүлж байгаа. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахын төлөө ажиллана. Олон нийт, хэвлэл мэдээллийнхэн та бүгдийн оролцоо, дэмжлэг чухал байна.
-Нэг зүйл асууя. АН хамтарсан Засгийн газраас гарсан. Гэрээний дагуу Байнгын хорооны дарга нарын суудлыг ч тохирсон харьцаагаар хувааж авсан. Энэ албаа авах өгөх тухай яригдсан уу?
-Одоогоор чимээгүй байна. Олонхийн л мэдэх хэрэг шүү дээ.
Го.ЭНХТӨР