Нийгмийн гурван талт хэлэлцээрээр энэ сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэхээр Засгийн газар амласан. Багш, эмч нар ажил хаяж хэдэн өдөр жагссаны эцэст цалин нэмэх хугацааг нэг сараар урагшлуулсан нь энэ юм. Улсын төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нд шатлалтайгаар нэмэхээр тооцож, эх үүсвэрийг хуваарилсан.
Тиймээс гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд цалин, тэтгэвэр нэмэхэд шаардлагатай 172 тэрбум төгрөгийг төсөв дотроо зохицуулах ёстой болсон. Ийм эрх олгооч гэсэн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан АН, МАН санал зөрөлдөөнтэй байна. Энэ асуудлаар зарим хүний хувийн байр суурийг сонирхлоо.
.jpg)
Н.Энхболд: Засгийн газарт эрх олгох боломжтой
-Тодотголоо хийгээд хэлэлцэхэд болохгүй юм байхгүй. Нэгэнт нийгмийн гурван талт зөвшилцөл хийгээд цалин, тэтгэврийг нэмэхээр болчихсон. Тиймээс хэдийгээр байдал хүнд байгаа ч хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Цалинг нэмэх хугацаагаа наашлуулсан. Аргын тухайд төсвийг хуулиар л баталдаг учраас Засгийн газарт эрх олгох тухай хуулийг батлаад зохицуулчих боломжтой. Хүсэл эрмэлзлийн л асуудал байна. Хэрэв төсвийн тодотгол оруулж ирвэл хэдийгээр дөрвөн хэлэлцүүлэгтэй ч гэсэн чуулган завсарлахаас өмнө амжиж шийдэж чадна.
Б.Батбаяр: Заавал тодотгол хийх нь зөв
-Цалин, тэтгэвэр нэмэхийн тулд 172 тэрбум төгрөгийн төсөв хэрэгтэй. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хуулийн төсөлд орлогыг нь тусгаагүй. Тиймээс заавал улсын төсөвт тодотгол хийж шийдэх шаардлагатай. Төсөвтэй холбоотой асуудал учир Засгийн газарт эрх өгч болохгүй. Нэг л асуудлаар тодотгох учир хэлэлцэхэд удахгүй. Төсөв задарвал өөр бэрхшээл үүсэж болзошгүй гэж болгоомжилж байгаа хүмүүс бас бий л байх.
С.Бямбацогт: Тодотгол хэлэлцэх хугацаа байхгүй
-Улсын төсвийг батлах эрх УИХ-д л байдаг. Гэвч Засгийн газарт тодорхой хэмжээгээр эрх өгөх зохицуулалтыг хийгээд л ирсэн. Тухайлбал, нефть бүтээгдэхүүний ОАТ болон гаалийн албан татвар дээр зохицуулалт хийх замаар үнийг тогтвортой байлгах эрхийг Засгийн газарт өгсөн. Ингэж шийдэж болж байгаатай адил энэ удаад хуулиар Засгийн газарт эрх өгч болно. Хууль зөрчихгүй. Хэрэв төсвийн тодотгол оруулна гэвэл яамдын санал авна, Засгийн газар хуралдана, улмаар дөрвөн хэлэлцүүлэг хийх учир цаг хугацааны боломжгүй.
Я.Батсуурь: Хууль зөрчсөнийг давтах албагүй
-Манай АН-ын бүлгээс Засгийн газарт эрх олгох тухай хуулийн төслийг дэмжээгүй. Энэ асуудлыг тодотгол хийж шийдэх ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь Засгийн газарт эрх олгож, хууль зөрчиж байсан байж болно. Одоо үүнийг давтах албагүй.
Б.Цогтгэрэл (МҮАН-ын дэд дарга): Амласнаа хэрэгжүүлэх ёстой
-Засгийн газарт эрх олгох нь Төсвийн тухай хуулийг зөрчинө. Мэдээж цалин, тэтгэвэр нэмэх амлалтаа Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ тодотгол хийж шийдэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
С.УУЛ