Орон нутаг, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах, эсэх асуудал улс төрд гацаа авчрах нь тодорхой. Олонх асуудлыг хүчээр шийдэхдээ хүрвэл АН-ын бүлэг завсарлага авна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ байдал УИХ-ын үйл ажиллагааг гацааж, улс төрийг хямралд оруулах нэг нөхцөл болох нь ойлгомжтой. Гэвч бурууг АН-д бус МАН-д тохох нь зүйд нийцнэ. Эрх баригчид Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулахаар зэхэж байгаа нь таагүй байдлыг бий болгож орхив. Тэдний энэ байр суурийг АН-ынхан “сурсан аргаараа сонгуулийг луйвардах гэж байна” хэмээн хардан тайлбарлаж байгаа юм.
МАН 2004-2008 оны УИХ-д олон суудалтай (37) байхдаа Орон нутгийн сонгуулийн хуулийг 2007 оны нэгдүгээр сарын 18-нд шинэчлэн баталж, УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах өөрчлөлтийг 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд оруулсан. Энэ үед МАН олонхийг нь бүрдүүлсэн “Их эвслийн”, “Үндэсний эв нэгдлийн” Засгийн газар ажиллаж, олон зүйлийг зөвшилцөж тохиролцсоны нэг нь хоёр сонгуулийг хамтад явуулах улс төрийн шийдвэр байв. Үүнд 2008 оны орон нутгийн сонгуулиар үүссэн нөхцөл нөлөө үзүүлснийг үгүйсгэхгүй. Тэгэхэд сонгуулийн зарим тойрогт ирц бүрдээгүйгээс гадна шударга бус явдал удаа дараа гарч байв. Гол нь иргэд жил дараалан болдог олон сонгуулиас залхаж эхэлсэн нь тодорхой болсон юм. Нэг жилд УИХ, Орон нутгийн, он гарангуут Ерөнхийлөгчийн сонгууль шил шилээ дарж болдог нь сонгогчдыг залхааж, үр ашиггүй хөрөнгө зарлагддаг байв.
Шударга бус байдал, сонгуулийн дүнг луйварддаг гэсэн бодол нийгмийн олонхид бий болоод байсан цаг. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах нь нийгмийн захиалга, зүй ёсны шаардлага болж байна гэсэн үг. “Орон нутаг, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулах нь зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх олон давуу талтай. Хамтад нь явуулснаар сонгогчдын тоог хасаж, ирцийг хүчээр, хуурамчаар бүрдүүлдэг, орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авдаг бусармаг байдал алга болно. Санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. Иргэд саналаа илэрхийлэх боломжоор хангагдана” гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин доорх тайлбарыг хийж байна. “Сонгуулийг хамтад нь хийнэ гэхээр бэрхшээл их байна. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн гээд олон сонгууль зэрэг болохоор дүнг нь баталгаажуулах асуудал хүндрэлтэй болно гэдгээс болгоомжилж байна. УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад 20-иод мянган хүн оролцох болж байна. Техник, хүн хүч, хууль эрх зүй, улс төр талаасаа хүнд байх болно” гэж үзэж байгаа гэв.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав манай сурвалжлагчийн тавьсан асуултад хариулахдаа, “УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэдгийг нийгэмд янз бүрээр ойлгож байгаа. УИХ-ын сонгуулийг автоматжуулна гэсэн шийд гарсан. Автомат машин хэрэглэх юм чинь амархан гэсэн ойлголт бий байх. Хоёр сонгуулийг хоёуланг нь автоматжуулна гэвэл зохион байгуулалтын болон техник, технологийн шийдлүүд тодорхой байх ёстой. Хууль эрх зүйн орчин тодорхой байх шаардлагатай. Хамтад нь явуулах эсэхийг УИХ шийднэ. Нэгэн зэрэг олон саналын хуудсыг автоматаар тоолох боломж байгаа эсэхийг судлах ёстой. Саналын хуудсуудыг ялгавартай хэвлүүлэх шаардлагатай. УИХ-ын сонгуулиар 26 төрлийн саналын хуудас хэвлэгдэнэ. Аймаг, сум, дүүргийн гээд хийвэл сум гэхэд 300 гаруй сум бий. Ялгавартай хэвлэснийгээ ялгавартай уншихаар программаа зохиох хэрэгтэй. Энэ нь цаг хугацааны хувьд боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Технологийн хувьд боломжтой ч цаг хугацааны хувьд тун хэцүү.
Сонгуулийг хамтад нь явуулах УИХ-ын шийдвэр гарвал СЕХ хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлнэ” гэв. Намуудын хувьд өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж байгааг үгүйсгэхгүй. СЕХ-ны даргын хувьд цаг хугацааны бэрхшээл бий гэж буй ч хамтад нь явуулах боломжийг үгүйсгэхгүй байна. Ардчилсан сонгуультай дэлхийн ихэнх оронд Парламент, орон нутгийн сонгуулиа цуг явуулдаг юм билээ. Тэгвэл сонгогчид энэ талаар ямар бодолтой байгаа бол. УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах нь зөв эсэх талаар зарим хүний байр суурийг сонирхсон юм.
Д.Бямбасүрэн (Ерөнхий сайд асан): -МАН олонх байхдаа хамтад нь явуулъя гэж хууль баталсан биз дээ. Цуг явуулах нь олон давуу талтай. Шил шилээ дарж болдог олон сонгуулиас сонгогчид залхсан байна. Бужигнасаар байгаад хувь, хувьсгалын ажлаа алддаг болсон шүү дээ, бид.
Н.Баасандорж (СТА, дуучин):-Ерөнхийлөгчийнх нь тусдаа болдог юм байгаа биз. УИХ, Орон нутгийн сонгуулийг болдог бол хамтад нь явуулчихмаар байгаа юм. Орон нутгийн сонгуулиар аймаг, сумынхан чинь бөөн юм болдог байх чинь билээ. Жалга, дов, ах дүүсээрээ талцаж муудалцаад аймаар л болдог юм. Цуг хийчихвэл амар л юм. Олон сонгууль хүмүүсийг залхааж байна шүү дээ.
Ш.Гунгаадорж (Ерөнхий сайд асан): -2008 онд хуульд гоомой өөрчлөлт оруулсан. Эерэг, сөрөг талыг нь тооцохгүйгээр кноп дарсан гэж үздэг. Нэг дор явуулна гэдэг хүндрэлтэй. Зохион байгуулалт, агуулгын хувьд бэрхшээлтэй. Өмнөх орон нутгийн сонгуулиар сонгогдсон хүмүүсийн бүрэн эрх дуусгавар болоогүй байхад Орон нутгийн сонгуулийг зургадугаар сард явуулах нь Үндсэн хуулийг зөрчинө. Нэг хүн олон хүнийг дугуйлахаас эхлээд будлиан гарах магадлал өндөр юм.
С.Оюун (УИХ-ын гишүүн): -Хамтад нь явуулах ёстой гэдэг байр сууриа ИЗН арван жилийн өмнөөс л илэрхийлж ирсэн. 2008 онд хуульд хамтад нь хийе гэсэн заалт оруулахад нь дэмжсэн. Бэлтгэл ажлаа сайн хангаад өгвөл хамтад нь хийх боломжтой. Олон сонгууль хийгээд байхаар төрийн ажил цалгардаж, хүмүүс ч залхаад эхэлсэн байна. Баталсан хуулиа хэрэгжүүлээгүй байж элдэв янзын бэрхшээлийн тухай ярьж байгааг ойлгохгүй байгаа. Бэлтгэл хангагдаагүй учраас сонгуулийг тусад нь явуулъя гэж МАН үзэж байгаа болов уу гэж ойлгосон.
Э.ТӨР