УИХ дахь МАН-ын бүлэг уржигдар орой хуралдаад Байнгын хороодын дарга нарын асуудлыг хэлэлцжээ. АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа тэдний Байнгын хорооны дарга нарыг солихгүй гэж байсан ч бодлоо өөрчилсөн аж. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засгийн байнгын хороо АН-д “данстай”. Мөн хэд хэдэн дэд хороог ч хамтарч байх үедээ тэдэнд “өгсөн” байсан юм. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа оны өмнө дууссан ч шинэчлээгүй байсан учир нэгэнт энэ асуудлыг хөндсөнийх, хамт шийдэх нь зөв гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны даргад Р.Буд, Ц.Цэнгэл нар нэр дэвшсэнээс Р.Буд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Д.Балдан-Очир, Х.Баделхан нар өрсөлдөж Д.БалданОчир, Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Одбаяр, Б.Чойжилсүрэн нар өрсөлдөж Д.Одбаяр олонхийн санал авсан байна. Төсвийн байнгын хорооны даргад О.Чулуунбат, Д.Дамба-Очир нар нэрээ дэвшүүлж, экс банкир олонхийн дэмжлэг авчээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Сүхбаатар, Ж.Батсуурь нар нэр дэвшсэн аж. Гэвч Ж.Батсуурь нэрээ татсанаар Ж.Сүхбаатар улирахаар болсон байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад А.Тлейхан Д.Очирбаттай өрсөлдөж А.Тлейхан тунажээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Э.Мөнх-Очир, Х.Наранхүү нар өрсөлдөж Э.Мөнх-Очир үлдсэн юм байна. Уг асуудлыг өчигдөр Байнгын хороодоор хэлэлцээд МАНын бүлгийн саналыг дэмжлээ.
С.УУЛ