Нэгэн суманд Засаг даргын орлогч хийдэг найз маань “Цаагуур чинь УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах гээд байна уу, яаж байна” гэж асууж байна аа. “Чи юу гэж бодож байна” гэхэд “Уг нь тусдаа байвал дээр байна” гэх юм. Цаг зав, төсөв хөрөнгө хэмнээд цуг явуулах нь ач холбогдолтой юм биш үү гэвэл “Найз минь, хөдөөний малчид чинь үүний учрыг ойлгохгүй байна шүү дээ” гэлээ. Нээрээ л сонгогчдын хувьд асуудал бий аж. УИХ-ын сонгуулийг холимог системээр анх удаа явуулах гэж байгаа. 48 хүнийг тойргийн системээр, 28-ыг нь намын нэрээр сонгоно. Одоохондоо тойрог дээр нь өрсөлдөх 2-3 хүнийг мандатын тоогоор нэрийг нь дугуйлна, дээрээс нь намуудын нэр жагсаасан хэсгээс аль нэгийг нь сонгоно гэсэн бүдүүлэгхэн төсөөлөл л хүмүүст байна. Тэгвэл СЕХ-ноос хийсэн мэдээллээр УИХ-ын сонгуульд л гэхэд 26 төрлийн саналын хуудас хэвлэх юм байна.
Орон нутгийн сонгуультай нийлүүлбэл 300-400 төрлийнх болох гээд буй юм. УИХ-ын сонгуульд 400 гаруй нэр дэвшигч өрсөлдөх тооцоо бий. Орон нутгийн сонгуульд 16 мянга орчим хүн нэрээ сойно. Тиймээс найгүй олон цаасан дунд сонгогчид “живчих” гээд байна. Нэг саналын хуудас бөглөхдөө л асуудал үүсгээд байдаг мэдээллээс холхон “уймраа” хүмүүс бол бүр хэцүүднэ гэсэн үг. Гэхдээ тэдэнд учрыг нь таниулаад хэчнээн саналын хуудсыг хэрхэн яаж бөглөх талаар хангалттай мэдээлэл өгвөл энэ асуудлыг шийдэж болно. УИХ-ын сонгууль гэж муур, хулганын үлгэр шиг юм болж дуусаагүй байтал орон нутгийн сонгууль залгадаг. Удаа ч үгүй Төрийн тэргүүнээ сонгох аянд мордоно. Энэ мэтээр дөрвөн жилийн хоёрт нь өөд, уруугүй сонгуульд “нүдүүлсээр” залхаж гүйцсэн сонгогчдын хувьд саналын хуудасныхаа учрыг олчихвол хамаагүй амар болох юм.
Нэг дор хийчихвэл энэ бүх зовлонгоос салж, нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Нөгөө талдаа улсын төсөв ч хэмнэнэ. Цаг заваа сонгуульдахад биш ажиллахад зарцуулах боломж бүрдэнэ. Нэгэнт хоёр сонгуулийг зэрэг явуулахаар хуульчилсан учир Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулж, өдөр сарыг нь УИХ-ын сонгуулийн хуультай нэгтгэх ёстой хэмээн саяхан болтол АН, МАН үзэж байлаа. МАН-ын Бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн өөдөөс харж суугаад “Сонгогчдод л жаахан хэцүү байна уу гэхээс зохион байгуулалтын тал дээр асуудалгүй. Саналын хуудсыг автоматаар тоолчихно” гэж байв. Тэгвэл одоо МАН “Хоёр сонгуулийг тусад нь хийхгүй бол болохгүй нь” гээд Д.Лүндээжанцан нь төсөл өргөн барьчихаад сууна.
Өглөө бүр үзэл бодлоо 180 хэм өөрчилдөг түшээдтэй учир баталсан хуулиа хэрэгжүүлэхээс нь өмнө хэдэнтээ өөрчилдөгт бараг дасчихжээ. Нөгөө талд нь АН-ынхан хоёр сонгуулийг зэрэг явуулна гэсэн байр сууриа хамгаалж, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулчихсан. Тиймээс МАНын төслийг хэлэлцэхээс түр завсарлага авчихаад байна. Ийнхүү хоёр нам толхилцож суух хооронд СЕХ-ныхон нь ч сандарч гүйцжээ. Энэ удаагийн сонгуулийг автоматжуулах гэж буйгаараа онцлог л гээд байдаг. Саналын хуудсыг автоматаар тоолох 2500 машиныг АНУ-ын “Dominion voting” компаниас авахаар болсон. Түрүүчийн таван машиныг авчирсан. Одоо үүн дээрээ саналын хуудсыг хэрхэн ялгаж тоолох гэх мэт программаа суулгана.
Эхний ээлжийн таван машин “туршилтынх” гэхэд болно. Программаа зохионо, машиндаа суулгаж туршина. Ингээд энэ сарын сүүлчээс тавдугаар сарын эхэн хүртэл сонгуулийн луйврыг үлдэн хөөх “ид шид” бүхий санал тоолох автомат машинуудыг онгоцоор авчрах учиртай. Гэтэл гол программаа ч гараас гаргаагүй СЕХ-ныхон “300-400 төрлийн саналын хуудсыг тус бүрт нь ялгаж унших программ зохионо гэдэг хэцүүхэн ажил боллоо” гээд сууж байна. МАН хэрэв олонхоороо хоёр сонгуулийг салгах төслөө дэмжинэ гээд зүтгэвэл АН завсарлага авчихна. Ингээд асуудал гацаж орхих нь.
МАН-ын бүлгийн дарга “Хэрэв тэглээ гэхэд хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж болно. Уг хуулийг өөрчлөхөд хугацаа заагаагүй л дээ” гээд тайван сууж байна. Нэг ёсондоо АН завсарлага авбал МАН хаврын чуулганыг хүлээгээд тайван суух нь. СЕХ яахаа мэдэхгүй уймарч, сонгогчид дунд нь төөрсөөр хавартай золгож мэдэхээр байна. Уг нь өдий төдий тэрбум төгрөг хэмнэж, хамгийн гол нь хэдэн жил тойрон сонгуульдаж, дараа нь дүнгээ зөвшөөрөхгүй маргалдаж сунжирдаг улстөржилт харьцангуй цэгцэрнэ. Нам дагаж намирах нь багасч, ажил хийх цаг нэмэгдэх учиртай. Уг нь “бүтэхгүй нь” гэж айж суухаар сурталчилгаагаа л сайн хийвэл болох юм биш үү.
С.ТУУЛ