Узбекистаны хөлбөмбөгчид олимпод?
Лондоны олимпийн сонгон шалгаруулалтын Азийн бүсийн тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Өнгөрсөн ням гаригт Вадим Абрамовын удирдсан Узбекистаны шигшээ талбайдаа Австралийн хүчтэй багийг 2:0-ээр буулган авсан байна. Тус тоглолтын 27 дахь минутад Тураев салхийг хагалж, 85 дахь минутад Зотеев багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Ингэснээр чантуу хөлбөмбөгчид зуны олимпийн XXX наадамд оролцоход ганц алхам л үлджээ. Арын өрсөлдөгчөөсөө гурван оноогоор тасарсан тэд үлдэж буй хоёр тоглолтод Иракт айлчилж (II/21), АНЭУ-ыг талбайдаа хүлээн авах (III/14) бөгөөд 3-4 оноо авахад л эрхээ авах юм.
Азийн бүсийн сорилгын сүүлийн шатанд шалгарсан шилдэг 12 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсгээ түрүүлсэн багууд эрхээ шууд “халаасалж”, хоёрдугаар байрт орсон гурван баг нэг тойрог тоглон түрүүлсэн нь Сенегалын олимпийн шигшээтэй халз тоглох ажээ. Сонирхуулахад сорилго тэмцээний “А” хэсгийг БНСУ, “В” хэсгийг Узбекистан, “С” хэсгийг Сирийн шигшээ багууд өнгөлж явна.
Лондоны олимпийн аварга дөрвөн сая рублиэр шагнуулна
ОХУ-ын Засгийн газраас Лондоны олимпийн медальтнуудын шагналын хэмжээг зарлалаа. Зуны ХХХ наадмын аварга дөрвөн сая рубль (ойролцоогоор 130 мянган доллар), мөнгө, хүрэл медалийн эзэд тус бүр 2,5 (82,500), 1,7 (56,000 доллар) саяыг халааслахаар болжээ. Паралимпид амжилттай оролцсон тамирчид ч ижил хэмжээний шагнал хүртэх гэнэ.
Дөрвөн жилийн тэртээх Бээжингийн олимпийн медальтнуудыг оросууд 100, 60, 40 мянган еврогоор байсан бол “Афин-2004”-ийн алдартнууд 50, 20, 10 мянган евро дансандаа хийлгэсэн түүхтэй. Төр засгаас гадна төрөлх хотынхон нь ч баатруудынхаа гавьяаг үнэлдгийн жишээг 2010 оны олимпийн дараа Санкт-Петербург хотын захиргаа харуулж, алтан медалийн эзнийг 1 сая, мөнгийг 700, хүрлийг 400 мянган рублиэр тус тус мялааж байв.