Төрийн албанаас хөөгдсөн Г.Манлайжавыг ЦЭГ-ын даргаар хэн дэвшүүлэв
Засгийн газрын тохируулагч агентлаг- Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Гун-Аажавын Манлайжавыг томилж, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов гэсэн протоколны мэдээллийг Засгаас өгч, хэвлэлүүд тэрийг нь дамжуулж байна. Гэтэл Гун-Аажавын Манлайжав хэмээх эрхэм нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргасан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд худал мэдээлэл өгсөн зэрэг хариуцлага алдсан үйлдлүүд нь тогтоогдсоны улмаас өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ажлаасаа халагдсан нэгэн юм. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат 281 тоот тушаал гаргаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулан, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас нь халсан баримтыг уншигч танд хүргэж байна.

Гэтэл танхимын сайд нарын бүрэлдэхүүн нь шинэчлэгдсэн ч, тэргүүн нь хэвээрээ Засгийн газар хариуцлага алдаж “хөөгдсөн” албан тушаалтныг хариуцлагатай албанд томилсоныхоо араас хариуцлагатайгаар худал мэдээлэл өгч байгаа нь тун хариуцлагагүй явдал юм. Г.Манлайжавд хариуцлага тооцох болсон уг шалтгааныг уншигч та энэхүү тушаалаас харж буй биз ээ. Тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж, бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тоог хувийн эрх ашигтаа нийцүүлэн засварлаж ирсэн, ерөөс хяналт тавих үүргээ умартаж ажилласан нь тогтоогдсон учраас түүнийг, мөн Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгаланг ажлаас нь халах шийдвэрийг газрын дарга нь гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн дагуу байгаа юм.
Тус хуулийн 26.1.-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болоналбан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэн байдаг бөгөөд
26.1.1. сануулах;
26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;
26.1.З. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
26.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэхчлэн заачихсан байна.
Тэгэхээр стратегийн чухал салбарт хариуцлагатай алба хашиж байж, хариуцлага алдсан Г.Манлайжавын тухайд Төрийн албанд 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах эрх байхгүй гэдэг нь хуулиар баталгаажиж байна. Мөн хуулийн 26.7.-д зааснаар сахилга алдсан, хууль зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн байгааг тодотгох нь зөв биз. Ийм байтал Засгийн газар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аас батласан Төрийн албаны тухай хуулийн дээр нь гишгэсэн шийдвэрийг гаргаж, Г.Манлайжавыг Цөмийн энергийн газрын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо хэмээн зарлаж байгаа нь, шүүмж дагуулахаас өөр аргагүй юм.

Мөн түүнчлэн Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат эрхэм өөрийг нь ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчсөн, үндэслэлгүй тогтоол хэмээн Засгийн газрыг шүүхэд өгсөн байгаа. Улмаар шүүх Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн захирамж гаргаж, шүүхээс эцэслэсэн шийдвэр гартал Засгийн газраас С.Энхбатын оронд өөр хэн нэгэн даргыг томилох эрхгүй гэсэн байтал үл тоожээ. Үүний цаана МАН-ын Ерөнххий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Монгол Улсмын Засгийн газар Ерөнхий сайд С.Батболдыг удирддаг гэсэн хардлага ч ийнхүү ил боллоо. Учир нь У.Хүрэлсүх Г.Манлайжав нар багийн найзууд гэх бөгөөд нэгэн цагт нэг бизнэс эрхэлж хамтран баар ажиллуулдаг байсан талаар найз нөхөд нь ярьдаг юм билээ. Ямартай ч ийнхүү Монгол төрийн шийдвэр энэ мэт юу ч биш болж, ганц нэг хүнийг дарга болгож, гар хөлөө болгохын тулд юу ч хийхэд болсныг энэ шийдвэр илчиллээ. Ингэснээр У.Хүрэлсүх гэх ойворгон нэг залуугийн ашиг сонирхол Засгийн газрын шийдвэрт нөлөөлж улмаар УИХ, Монгол Улсын шүүхийн дээр гишгих болсныг үүнээс харж болохоор байна.
Ер нь бол С.Батболдын удирдаж буй Засгийн газар Цөмийн энергийн газартай таагүй харилцаатай явж ирсэн нь нууц биш. Тэрдундаа Ерөнхий сайд С.Батболд дуудахад нь ирээгүй гэсэн шалтгаан ярьж С.Энхбаттай хариуцлага тооцохоор улайрч байгаа дүр зураг харагдаж ирсэн. С.Энхбатын эзгүйд Засгийн газрын гишүүд санаа нийлэн Цөмийн энергийн газрыг тун муу ажиллаж байна гэж үзээд, тус газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, мөн “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн билээ. Талууд монголд цөмийн хаягдал булшлахтай холбоотой мэдээллүүд сар сар дамнан цацагдсаны араас ил цагаан тэрсэлдэж эхэлсэн бөгөөд харин Засгаас хариуцлага тооцож эхлэхдээ Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх хоёр байгууллагын удирдлагууд уялдаа муутай ажилладгаас болсон гэж үзсэн нь бас л анхаарал татдаг. Гэсэн ч засаг дураараа шийдвэрлэж, чухал салбарыг улстөржүүлэх хандлага улам тод болж байгааг онцлоё. Төрийн албанд ажиллах эрхгүй ч эргээд ирсэн Гун-Аажавын Манлайжавыг МАН-ын генсек У.Хүрэлсүх ийнхүү албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн албаны нэр хүндийг уландаа гишгэлээ. У.Хүрэлсүхийн байгаа газар Г.Манлайжав ч явж л байдаг гэдгийг улстөрийн хүрээнийхэн өдгөө андахаа больжээ. Тэрчлэн Цөмийн энергийн газрын даргын суудалд сууж дийлж байгаа нь ч, МАН-ын угшилтай улстөрийн түлхээстэй шийдвэр гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Ж.Анир