Улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан, албан тушаалтнуудынх нь хууль бус үйлдлийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Онц их хэмжээний татвар, ниймийн даатгалын шимтгэл төлөлгүй зайлсхийсэн байж болзошгүй хэрэгт тухайн байгууллагын албан тушаалтнууд ч холбогдон шалгуулж буй юм. Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн шивэхдээ өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлэх замаар 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж, өнгөрсөн баасан гарагт зарим албан тушаалтны өрөөнд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийсэн байна. Энэ хүрээнд гурван бүлгийн 50 орчим этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж буйг баттай эх сурвалжууд мэдээллээ. Мөн иргэн Э.З, Д.М, Д.У нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг ч тус ангийнхан батлав. Хэргийн холбогдогчид урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн шивсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, 70 орчим тэрбум төгрөгийн зээл арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан нь тогтоогдоод буй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ЦЕГын даргын тушаалаар энэ төрлийн хэд хэдэн хэрэгт ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй юм. Албадан саатуулан шалгаж буй хүмүүсийн дунд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан байгаа аж.
Мөн татварын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд бусадтай бүлэглэн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг хуурамчаар бичин бүртгүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлээд байгаа юм. Тухайлбал, НӨАТ-ын падаан хуурамчаар шивдэг Г, С гэх хүмүүсээр удирдуулсан хоёр бүлгийн долоон этгээдийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж байна. Татварын ерөнхий газар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн зарим ажилтны оролцоотойгоор хэрэгт холбогдоод буй хүмүүс аж ахуйн нэгжүүддээ хийсэн хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон нь тодорхой болсон гэнэ. Бидний авсан мэдээллээр үйл ажиллагаа явуулдаггүй 16 компаниас татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдэд 248.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан шивж улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг 24.6 тэрбум төгрөгөөр бууруулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.