Спортын арбитрийн шүүх “Тур де Франс”-ын гурван удаагийн аварга, Испанийн 29 настай дугуйчин Альберто Контадорын хэргийг шүүн, сэргээш хэрэглэсэн шалтгаанаар тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хасаж, 2010 оны зунаас өнөөг хүртэл гаргасан амжилтыг нь хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэр дугуйн ертөнцийг шоконд оруулаад байна. Олон улсын дугуйн холбоо (UCI), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас тамирчныхаа эрх ашгийг хамгаалж байгаа Испанийн дугуйн холбооны эсрэг мэдүүлгийг Лозанн дахь Спортын арбитрийн шүүх хүлээн авч, дугуйчинд хатуу арга хэмжээ авахаар болжээ.
Ингэснээр Контадорын “Жиро д’Итали”, “Вуэльта”-гийн тус бүр хоёр түрүү нь хүчингүй болохоос гадна “Тур де Франс-2010”-ын аваргын цом Люксембургийн Энди Шлект, “Жиро-2011”-ийн титэм Микеле Скарпонид шилжих юм. Хоёр жилийн тэртээх “Тур де Франс”-ын үеэр авсан допингийн шинжилгээ испани залуугийн амжилтад толбо үлдээжээ.
Түүнийг тэмцээнд оролцуулна, эрхийг нь хасна гэсэн маргаан хоёр жил дамнан сунжирсан ч тэрбээр өрсөлдөөний талбараа орхилгүй ялалтын цувралаа үргэлжлүүлсээр ирсэн. Контадорыг Испанийн дугуйн холбоо бат өмгөөлж байсан нь мэдээж. Хориотой бэлдмэл огтхон ч хэрэглэж байгаагүйгээ мэдэгдсэн 29-тэй дугуйчин нэгэн хоолны газар шарсан мах идсэнээс хамаг хэрэг үүдсэн тухай баримтыг олны өмнө дэлгэсэн удаатай. Түүнийг өмгөөлөх тамирчин ч нэг бус байгаа бөгөөд Энди Шлекийг хамгийн түрүүнд дурдаж болно. “Би Альбертог ойлгож, гэм буруугүйд нь бат итгэлтэй байна. Түүнд ийм зохисгүй арга хэмжээ авсан нь дугуйн ертөнцөд гашуудал зарласантай ижил явдал. Үгүй дээ, би шүүхийн шийдвэрээр “Тур де Франс”-ын аварга болохыг хүсэхгүй” хэмээн өгүүлжээ.
Хэрэв түүнд ийм ял оноогоогүй бол Контадорын уралддаг “Saxo Bank Team” 2012 оны мэргэжлийн дугуйчдын уралдаануудад түрүүлэх магадлал өндөр болох байлаа. 2006 онд АНУын дугуйчин Флойд Лэндис сэргээшийн шинжилгээнд бүдэрч, бусад нөхрөө ч “хамсаатан”-аар зарласаар ирсэн нь нэг бус. Хамгийн харамсалтай нь Контадор Лондоны олимпийг өнжихөөр болж байна. Үүгээр ч зогсохгүй UCI-гийн оногдуулсан 2,485 сая еврогийн торгуулийг ч төлж магадгүй. “Спортын арбитрын шүүх ийм шийдвэр гарсанд итгэхэд бэрх юм. Гэм буруугүй гэдгээ батлахыг хүсэж байна” хэмээн тэр саяхны ярилцлагадаа өгүүлжээ.
2003 онд спортын замналаа эхэлсэн испани эр тархины цус бүлэгнэсний улмаас 2004-2005 онд хүнд мэс засал хийлгэж, хэвтэрт багагүй хугацаа өнгөрүүлж байв. 2007, 2009, 2010 оны “Тур де Франс”-т түрүүлж, “Жиро д’Итали”- ийн аваргаар хоёронтаа (2008, 2011) тодорсон түүнийг Лэнс Армстронгийг залгамжлагч хэмээн нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Б.ӨГДЭЙ