“Netflix”-ийн “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн ялагчаар Солонгосын баг шалгарч, нэг тэрбум воны шагнал хүртэв. Харин Монголын баг эл шоуны туршид хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Австрали, Турк, Японы багийг ялж, хоёрдугаар байрт шалгарлаа. Эл тэмцээнд Монголын багийг төлөөлж улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хандсүрэн болон жүдоч О.Адьяасүрэн, Гавьяат жүжигчин, циркчин Э.Лхагва-Очир нар оролцсон юм. Багийн гишүүд богино хугацаанд хамгийн сайн тулааны стратеги дор эвлэлдэн нэгдэж, байгаа бүхнээ шавхан тэмцэж, бие биедээ тусалж, тэсвэр тэвчээр, хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, уян налархай байдал гээд өөр өөрийн өнгөөр тодрон гэрэлтэв.
“Physical: Asia” нь биеийн хүчний тулаан боловч баг бүр өөрсдийн эх орныхоо өв соёл, ондоошил, үндэсний бахархал, нэр хүндийг давхар тээж оролцсоноороо онцлогтой байв.

Монголын багийн хувьд эцсийн хором хүртэл бүхий л хүчээ шавхан тэмцэхэд энгэр дээрх төрийн далбаа, эх орон нь хамгийн их хүч өгч байсныг сагсчин Э.Дөлгөөн энэ үеэр онцолжээ. Мөн тэрбээр “Дэлхий монголчуудыг өөр нүдээр харж эхэлсэн нь бидний хувьд хамгийн том ялалт байлаа” хэмээв. Түүнчлэн улсын арслан Б.Орхонбаяр “Бид биеийн хүчээр дутуу ч багийн нэгдэл, тактик, нүүдэлчин монголчуудад л байдаг язгуур ухаанаараа илүү байсан” гэсэн юм.
Эр бяраа сорьсон энэхүү тэмцээнд Монгол, Австрали, БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Филиппин улсын шилдэг тамирчид оролцсон. Тэднээс Монгол болон БНСУын баг финалын шатанд шалгарч үлдэн, шийдвэрлэх тулаан өрнүүлсэн юм. Харин эцсийн мөчид БНСУ-ын баг ялагчаар тодорсон билээ. Хэдийгээр манай улсын баг эл шоуны дэд байрт шалгарсан ч дэлхий даяар суурьшин амьдарч буй монгол хүн бүрийн эх орноороо бахархах итгэл сэтгэл, урам зоригийг сэргээж, спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг өдөөж чадсанаараа чухал ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөлөө.
Э.Сүйлэн