Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж, энэ хуулийн дагуу бүртгэлтэй байгаа бүх намыг татан буулгах санааг Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дурдсан. Зүй ёсны, шударга өрсөлдөөн үгүй болж, намуудын хөгжил гажуудаад буйг Төрийн тэргүүн онцолсон юм. Улмаар шинэ хуулийн дагуу намуудыг дахин эмхлэх, ингэхдээ улсын бүртгэлийн дугаар, нэр, түүх сэлтээ хадгалах эрхтэй байхаар зо хион байгуулах нь зөв гэсэн саналыг тэр дэвшүүлсэн.
Шууд татан буулгаад дахин байгуулах нь юу юм гэхэд ядаж л шударга өрсөлдөөн бий болгох ёстой нь үнэн. Үзэл баримтлалаараа намууд ялгарч, бодлогоо хэр хэн зөв боловсруулж, хэрэгжүүлж буйгаараа өрсөлдөх учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ. Монголын хоёр том нам болох МАН, АН 1990 оноос хойш ээлжлэн, зарим үед хамтран төр барьж буй. Сар орчмын өмнө АН-ынхан “ялгарах” шийдвэрээ гаргасан. Гэхдээ л үзэл бодлын өрсөлдөөн хийж төвдсөнгүй. Байшин барилга, гишүүнийхээ олноор л өрсөлдөөд байгаа нь инээдтэй.
МАТЕРИАЛЛАГ ӨРСӨЛДӨӨН
2008 оны сонгуулийн дараа болсон Монголын түүхэнд хар толбо үлдээсэн нийтийг хамарсан үймээнийг хүмүүс мартаагүй. Тухайн үед жагсагчид МАХН-ын байрыг шатааж эсэрг үүцлээ илэрхийлсэн билээ. Үүний дараа тус нам илүү өндөр, илүү гоё барилга барьснаа өнгөр сөн онд ашиглалтад оруулсан. “Тусгаар тогтно лын ордон” хэмээх нэртэй шинэхэн өргөөнөө МАН хурал хуйгаа зохион байгуулдаг болоод байна. АН ч юугаар дутах вэ, одоогийн МАН-ынхаас өндөр “Ардчиллын өргөө” барина хэмээн зүтгэв. Хандив цуглуулж, Сүхбаатарын тал байн зүүн талын “умгар” байшингаа нураагаад шинэ өргөөнийхөө шавыг тавьсан. Гэхдээ АН-ын барилга барих хурд МАН-ынхныг гүйцсэнгүй. АН суурьтайгаа л байж байхад МАН хэдийнэ ордноо бариад ашиглалтад оруулчихсан. Тухайн үед хоёр нам байрныхаа өндрөөр өрсөлдөж буй тухай хангалттай мэдээлэл гарсан даг.
Өнгөрсөн гурван жилд энэ хоёр нам хамтар сан Засгийн газар байгуулж, гацаанд байсан олон асуудлыг шийдсэн. Гэвч цаагуураа материал лаг өрсөлдөөнөө явуулсаар л бай лаа. Нэрээ сольж, үзэл баримтлалаа баяжуулсан МАН-ынхан Н.Энхбаярыг дагаад өрх тусгаарласан гишүүдийнхээ орыг нөхөж авахаар чармайв. Хэвлэлийн хуудаснаа хэдэн сар болоод л МАН 1000 гишүүн элсүүллээ гэх мэдээ гарна. АН мөнхийн өрсөлдөгчөөсөө гишүүний тоогоор хоцормооргүй байгаа хойно кампанит “дайчилгаа”-ны аянд мөн адил морджээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л энэ хоёр нам ярилцаж тохирсон мэт нэг өдрийг сонгон уг аянаа өрнүүлэв.
Өнгөрсөн баасан гаригт МАН-ын нийслэлийн Баянгол дүүрэг дэх салбар хороонд 1000 гишүүн элслээ. Энэ арга хэмжээгээ тэд “Тусгаар тогтнолын ордон”- доо ёслол төгөлдөр зохион байгуулав. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд очжээ. Бас дүүргийн Засаг дарга Л.Амгалан намдаа том “хандив” өргөсөн буянтай тул их л бардам байгаа. Тэрбээр дүүргийнхээ 192 мянган хүнээс мянгыг нь ийнхүү кампанит “дайчилгаа”-нд хамруулсны хариуд намаасаа багагүй оноо хүртэх биз. МАН ийм ёслол хийж байхад АН Төрийн ордонд 1280 залууд батлахаа гардуулж байлаа. МАН-ынхаас 280 хүн илүү “урвуулчихаж” гээд тэд дотроо инээсэн байлгүй. МАН-ын цахим хуудаст “Өнөөдөр бид эгнээндээ 150 гаруй мянган гишүүн нэгтгээд байгаа нь Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 10 хүн тутмын нэг нь тус намын гишүүн гэсэн үг юм. Манай гишүүдийн дундаж нас 41.5, намд элсэгчдийн дундаж нас 33.9 байна” хэмээн бардамнан бичсэн байна лээ. АН-ын цахим хуудаснаас ийм мэдээлэл хайгаад олоогүй ч тус нам 130 гаруй мянган гишүүнтэй аж.
“НАРАА ДАГАВАЛ ДААРАХГҮЙ, НАМАА ДАГАВАЛ ӨЛСӨХГҮЙ”
АН-д “Шонхор” нэртэй фракц байгуулснаа З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Баярсайхан тэргүүтэй АХХныхон мэдэгдсэн. Энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэх үеэр Д.Ганхуяг “Үзэл баримтлалаа ч ойлгуулаагүй, ойлгоогүй байж өдөрт л 1000, 1000-аар хүн элсүүлэх нь зохимжгүй” хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр уг шүүмжлэлийг өөрийн болоод өрөөлийн намд хаягласан биз. Дэлхийн улс төрийн намууд хатуу гишүүнчлэлийн эсрэг зогсож байхад Монголд АН, МАН гишүүдийнхээ тоог нэмэхээр ийнхүү улайрч байдаг. Гэхдээ дэлхийн улс төрийн намуудад сэвэлзэж буй шинэчлэлийн салхийг мэдэрсэн гишүүн АН-д бас бий.
Гуравдагч хүчнийхний зүгээс ч эрх баригчдад үлгэр жишээ болох алхам хийж эхэлсэн. Тухайлбал, эдүгээ ИЗН-НН болсон хуучин “ногоонтууд” ийм үзэл баримтлалтай байсан. Сураг нь алдарсан ИХН ч ялгаагүй. Харин МАН-ынхан иймэрхүү “мунхаг” юм ярихгүй. Гишүүний тоогоор бардамнаж, өрсөлдөх сонирхол намуудад байгаа юм биз. Тэгвэл 30 орчим насны залуус яагаад ийм сонголт хийж байна вэ. Залуус хийж бүтээх хүслээр дүүрэн ажиллаж эхлээд л олон жил бугшиж, хүчирхэгжсэн улстөржилт хэмээх саадтай учирдаг. Тиймээс зарим нь урдах замаа дардан байлгах гэж намд элсэж буй нь нууц биш. Гагцхүү энэ тохиолдолд л зогсолтгүй урагшлах боломж бүрддэг учраас тэр. Ямар сайндаа л нараа дагавал даарахгүй, намаа дагавал өлсөхгүй гэдэг шинэ цагийн хэлц гарсан байх вэ.
Албан тушаал, боломж харж эрх баригч намуудаас сонголтоо хийж байна. Цөөхөн нь л МАН-ын нийгмийн ардчилал бүхий зүүн төвийн, эсвэл АН-ын барууны үзлийг ойлгож дэмжсэн элсэж байгаа. Харамсалтай нь олонх нь зүгээр л “дайчилгаа”-нд өртөж буй. Арваннайман нас хүрсэн л бол намд элсэх эрх нээгддэг. Тиймээс намдаа оноо авах гэсэн зарим хүн хүүхэд, залуусыг иймэрхүү “дайчилгаа”-нд бөөндөн элсүүлж буй юм. Саяхан ИЗ-НН-аас залууст хандан яг энэ асуудлаар уриалга гаргажээ. Үүнд “Эрх баригч МАН, АН-ынхан залуусыг мянга, мянгаар нь “бөөндөн” гишүүнээр элсүүлж, түүгээрээ бахархан уралдаж байгаа нь энэхүү захидлыг Та бүхэндээ хандан бичих болсны шалтгаан боллоо.
Аливаа улстөрийн нам бол үзэл санааны нэгдэл, түүнд хэнийг ч элдэв амлалт, эд мөнгөөр татан “бөөндөн” элсүүлж үл болох бөгөөд ийм бусармаг үйлдэлд за луус маань ч татагдах учиргүй. Залуус та бүхнийг “бөө ний” бараа мэтээр үзэж буй энэ мэт үйлдэл нь хэрэг дээрээ хүнийг дорд үздэг, үзэл бодол, хүсэл сонирхлыг нь үл хүндэтгэдэг, хэнийг ч юуг ч худалдан авч болдог хэмээсэн бурангуй хандлагын тодорхой илрэл” хэмээн сануулжээ. Мөн ийм “дайчилгаа”-нд өртөхгүй байхыг уриалсан байв. Сонгууль хаалга тогшиж байна. Ямар ч хамаагүй аргаар хүрээгээ өргөтгөх, гишүүний тоогоо олон харагдуулах нь намуудад чухал. Тиймээс кампанит “дайчилгаа” үргэлжилнэ. Гэхдээ сонголт залуусын өөрийнх нь гарт бий.