УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гаригийн үдээс хойш хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах З.Энхболд, Д.Лүндээжанцан нарын санаачилсан төслийг хэлэлцлээ. АН-ынхан хоёр сонгуулийг зэрэг явуулна гэж буй бол МАН тэгэх боломжгүй гэж үзсэн. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хоёр сонгуулийг зэрэг явуулах техникийн боломж бий эсэх, санал авах хуудаст хэдэн нэр бичихийг асуув. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Энэ талаар АНУ-ын мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаа. Тойрог бүрийн саналын хуудсыг өөр өөрөөр бичнэ. Нэг суманд гэхэд л таван өөр саналын хуудас хэвлүүлэх шаардлагатай. Ийм олон төрлийн саналын хуудсыг тоолох программыг машинуудад суулгахад цаг их шаардагдана” гэлээ.

Гишүүн Су.Батболд сонгуулийг тус тусад нь болон хамтад нь явуу лах үндэслэлийг хууль санаачлагчдаас тодруул лаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Тусад нь явуулах эрх зүйн шалтгаан байна. Аймаг, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байна гээд заачихсан атлаа Орон нутгийн сонгуулийг зургадугаар сард явуулчихвал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаан нь дөрвөн сараар хасагдах нь. Мөн сонгуулийн санал авах цаг болоод зохион байгуулалт, техникийн талаасаа хүндрэлтэй зүйл тул гарна. Сонгогч саналын хуудаст байгаа 80 гаруй нэрэн дундаас нэг нам, есөн нэр дэвшигчийг олж дугуйлах юм” гэлээ. Тэгвэл хамт явуулах ямар боломж байгаа талаар З.Энхболд “Сонгуулийн жил ажил зогсдог, дөрвөн жилд угтаа дөрвөн сонгууль явуулж байна.
Хоёр сонгуулийг хамтад нь хийвэл сонгогчдод хүндрэлгүй, ажил цалгардахгүй сайн талтай” гэлээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Ямар нэг будлиангүйгээр шударга зохион байгуулъя гэвэл хоёр сонгуулийг хамт зохион байгуулах ёстой. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч хэвлэлийнхнийг цуглуулаад ийм боломжгүй тухай мэдэгдсэн нь хариуцлагагүй хэрэг. Хуулиар хамт явуулахаар зохицуулсан ажлыг хийж чадахгүй бол албан тушаалаа өгөх хэрэгтэй” гэлээ. Ц.Нямдорж гишүүн нийслэлийн аль нэг дүүрэгт эхлээд сонгууль явуулж турших санал гаргасан. Хоёр төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.
С.УУЛ