УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр завсарлуулахаар шийджээ. Гэвч амжуулан батлах зургаан асуудал бий. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг 10.00 цагт зарласан чуулганаар шийдэх юм. Улмаар 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг зарлаж, уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн Эдийн засгийн байнгын хороогоор УИХ-ын 39 дүгээр тогтоолын, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор бусад асуудал болох Боловсролын тухай багц, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн, Иргэний эрүүл мэндийн даатгалын, Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд 16.30 цагт бүгдийг нь гараас гаргахаар тооцсон байна.
Гэвч Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр хоёр Бүлэг байр суурийн зөрүүтэй байгаа учир өнөөдөр завсарлахгүй, нэг өдрөөр сунгаж болзошгүй байгаа аж.
С.УУЛ