УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс намрын чуулганыг өнөөдөр завсарлуулах шийдвэрт хүрчээ. Гэтэл төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Тавантолгойн тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гэхчилэн зуун задгай олон асуудал бий. Энэ бүхнийг өнөөдөртөө багтаан “бөөндөж” шийдэх юм байх. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төсөл бий. МАН-ынхан УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг тусад нь зохион байгуулах төсөл өргөн барьсан бол АН эсрэгээр зэрэг явуулахаар зүтгэж буй. Зарчмын ийм зөрүүтэй хоёр төслийг нэгтгэх үү, хэнийх нь байр суурь дээр зөвшилцөх вэ гэх мэтээр асуудал их.
МАН-ынхан олонхоороо төслөө дэмжинэ гэвэл АН завсарлага авна. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хаврын чуулган руу шилжүүлэх магадлал өндөр байгаа юм. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан эдгээр асуудлыг өнөөдөртөө багтаана, эсвэл нэг өдрөөр сунгаад шийдэж болно хэмээн үзсэн байна. Хоёр сонгуулийг зэрэг явуулах байр сууринаасаа тэд ухрахгүй гэдгээ ч мэдэгдэв. Эс бөгөөс сонгуулийг шударга, булхайгүй явуулах боломжгүй болно гэлээ. Үүний төлөө УИХ чармайх ёстой аж. Сонгуулийг зэрэг явуулах, эсэх маргаанаа нэг тийш цэгцэлж амжвал төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах бололтой.
УИХ-ын 39 дүгээр тогтоолын төслийг АН хэлэлцжээ. Иргэн бүрт үнэгүй эзэмшүүлэх 10 хувийн хувьцааг 20 хувь болгож нэмэгдүүлэхээр уг төсөлд тусгасан. Энэ асуудлаар АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. 1072 ширхэг хувьцаа, эсвэл нэг сая төгрөгийн аль нэгийг сонгож авна гэсэн ойлголт иргэдэд бий. 2012 оны улсын төсөвт иргэн бүрт нэг сая төгрөг олгох хэмжээний эх үүсвэр байхгүй учир хэрхэн яаж, хэдийд олгохыг зохион байгуулах ёстой аж.
АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Намрын чуулган завсарлахад ганцхан өдөр үлдсэн байхад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж амжихгүй бол яах вэ?
-Хэрэв уг хуулийг хаврын чуулган руу шилжүүлбэл сонгуулийг булхайгүй зохион байгуулахад бэрхшээл гарна. СЕХ санаачилгатай ажиллах ёстой. Шаардлагатай гэж үзвэл бид тойрог, хэсгийн хороод, санал тоолох машины тоог нэмэх боломжтой. Мөн төсвөө нэмэх ч боломж бий. Хоёр сонгуулийг зэрэг явуулахад яг ямар бэрхшээл байна, хэрхэн шийдэх тухай саналаа СЕХ оруулж ирвэл УИХ шийдээд өгнө. Одоо би УИХ-ын даргатай уулзана. Чуулган, Байнгын хороог зохистой хуваариар хуралдуулах, хэрэгтэй гэвэл маргааш завсарлуулахаар сунгаж болно. Хэлэлцэж шийдвэрлэх ёстой зургаан асуудлаа дуусгах учиртай.
-Иргэд Тавантолгойн 1072 хувьцаа, эсвэл нэг сая төгрөг авна гэсэн ойлголттой байна. Хувьцаа биш мөнгө авна гэсэн иргэдийн асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Засгийн газар нэг сая төгрөг, эсвэл хувьцаа ав гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Гэвч Төсвийн тухай хуульд 2.8 их наяд төгрөгийг суулгаагүй. Тиймээс иргэдийн хувьцаан дээр нэмж олгох 10 хувь, мөнгөө авна гэсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэх талаар УИХ, Засгийн газар харилцан ойлголцох ёстой. Үүнийг Ажлын хэсэг дээр шийдсэний дараа УИХ шийднэ. Цагаан сараас өмнө иргэдэд мөнгө бэлнээр тараах мэтээр асуудлыг хармааргүй байна. Эхний ээлжинд иргэн бүр Тавантолгойн хувьцааны эзэн болох учиртай. Үүний дараа нэрлэсэн үнээр зарна гэвэл иргэдэд сонголтоо тайван хийх боломж олгох хэрэгтэй. Зарим нь хувьцааныхаа ногдол ашгийг хүртээд явж болно.
С.ТУУЛ