Эрүүл иргэн төлөвшүүлэхэд нийтийн биеийн тамирын оролцоо асар чухал. БТСГ энэ тал дээр онцгой анхаарч,
нийслэлийн дүүргүүдэд спортыг сурталчлах ажил хэрхэн өрнөж байгаа тухай судалгаа хийж буй. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалантай уулзаж, энэ асуудлаар ярилцсан тухай өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Энэ үеэр Засаг даргаас дараах асуултад хариулт авсан юм.
-Таныг волейболын спортоор хичээллэж байсан гэж сонссон. Дүүргийн тэргүүний хувьд иргэдийн биеийн тамир, спортын боловсролыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгааг тань сонирхъё.
-192 мянган хүн амтай манай дүүргийн хувьд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, ирээдүйтэй тамирчин бэлтгэх үүднээс хэд хэдэн зорилт тавьсан. Таван төрлөөр Засаг даргын дэргэд шигшээ баг байгуулан ажиллаж байна. Шигшээ багийн амжилтад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг би сайн ойлгож явдаг. Энэ нь тамирчдын сэтгэл зүйд ч нөлөөлдөг. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн тулд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тодорхой асуудлуудыг тусган ажиллаж байна. Манай дүүрэг 23 хороотой бөгөөд бүгдэд нь чийрэгжүүлэлтийн төв байгуулсан.
-Чийрэгжүүлэлтийн төв ахмадуудад төлбөртэй үйлчилдэг үү?
-Үгүй дээ. Ахмадууд үнэгүй эмчилгээ хийлгэдэг. Чөлөөт цагаа тэнд өнгөрүүлэх боломж хангалттай. Мэргэжлийн бага эмч нар тэдэнд зөвлөгөө өгч, хамтран ажилладаг. Өнгөрсөн жил дээрх төвүүдэд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж нэмж авсан нь үр дүнгээ өгч байна.
-Танай дүүрэгт хэр олон клуб үйл ажиллагаагаа явуулж байна?
-Дөрвөн клубтэй. Клубүүдийнхээ үйл ажиллагаанд сэтгэл өөдрөг явдаг. -Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх өөр ямар ажил өрнүүлж байна? - Дөрөвдүгээр сараас явган аяллын улирал эхэлнэ. Амралтын өдөр бүр “Хөгжлийн төлөө хөл нийлүүлье” уриатай аялалд хөгшин, хөвөөгүй нэгддэг. ЕБС-иудад волейбол, бокс, жүдо, чөлөөт, хөлбөмбөгийн шигшээ баг хичээллэж байна. Монголын биеийн тамир, спортын 13 дугаар наадамд амжилттай оролцох зорилгоор Засаг даргын дэргэд тусгай комисс байгуулагдан, хуваарийн дагуу ажиллаж байна. 2009-20011 онд манай дүүргийн тамирчид 400 гаруй медаль хүртсэн нь бахдам амжилт. -Баянгол дүүрэг хэзээ спортын ордонтой болох вэ? -БТС-ын хөрөнгө оруулалтад 2,6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд 1000 хүний суудалтай спортын шинэ ордон байгуулах барилгын ажил урь унахаар эхэлнэ. Мөн 25 м урт усан сан бүхий спортын төв баригдаж байна. Тэнд ажиллах сургагч багш, мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Өнгөрсөн оны байдлаар спортын 44 талбай нэмж байгуулсан. Гурван сургуулийн гадна хөлбөмбөгийн талбай байгуулаад байна.