УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Завсарлахаар яарсан гишүүд хуулийн төслүүд дээр олон юм ярьж, “шоудахыг” хүссэнгүй, шуурхайлав. Хамгийн эхэнд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах З.Энхболд болон Д.Лүндээжанцан нарын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдсэн. Асуулт тавьж, санал хэлэх хүн гарсангүй. Анхны хэлэлцүүлгээр нь төслийг батлахаар шулуудсан учир Байнгын хороонд буцаав. Үүний дараа жагсаалтын наймдугаарт байсан Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын төслийг урагш татан хэлэлцсэн. Энэ тухай Д.Одбаяр болон Я.Батсуурь нарын санаачилсан хоёр ч төсөл байгааг нэгтгэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэн бүрт олгохоор үүгээр зохицуулсан юм. Ажлын хэсгийнхэн 20 хувь гэснийг “20 хувь хүртэл” болгох санал оруулсан байна. Уг тогтоолыг баталсны дараа иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэрт нэг сая хүртэлх төгрөгийн хувьцаа гэсэн бичилт хийх аж. Гэхдээ сургалтын төлбөрөөр нэг сая төгрөгөө авсан оюутнуудын дэвтэр дээр хасалт хийж бичих юм байна. Мөн энэ оны улсын төсөвт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болох 330 мянган хүний нэг сая төгрөгийг олгох эх үүсвэр суулгасан. Тиймээс эдгээр хүн ч ХХС-гийн дэвтэртээ хасах тэмдэг тавиулна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувь хүртэлх хувьцаа авах уу, нэг сая төгрөг үү гэсэн сонголтыг иргэдэд олгож буй. Нэг сая төгрөгөө авах хүсэлтэй иргэд тус компанийн хувьцааг арилжихаас өмнө өөрт ногдсон хувиа Засгийн газартаа худалдана.
Засгийн газар түүнийг нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгох зарчимтай. Төсөл санаачлагчдын нэг Я.Батсуурь байгалийн баялгаас иргэн бүрт хувьцаа үнэгүй эзэмшүүлнэ гэсэн тусдаа асуудлыг сонгуулийн амлалттай хольж, бантан хийлээ хэмээн шүүмжлэв. Түүний төслийг Д.Одбаярынхтай нэгтгэх явцдаа Ажлын хэсгийнхэн дээрх байдлаар өөрчилсөн юм. Түүнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд хариулт өгсөн.
Я.Батсуурь: -Ажлын хэсгээс оруулсан төслөөр бол орлого багатай иргэд хувьцааны ногдол ашиг хүртэх боломжгүй болж байна. Тэдний олонх нь нэг сая төгрөг авахыг л илүүд үзнэ. Мөн оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэм ших боломжгүй болох нь. Баялгаас иргэн бүртээ тэнцүү хувь хүртээх зарчим алдагдаж байна. Аж ахуйн нэгжид зарсан хувьцааны мөнгийг хаана төвлөрүүлэх юм. 2.7 сая иргэн бүгд хувьцаа биш, сая төгрөг авна гэвэл мөнгө байгаа юу?
Р.Буд: -Таны төслийн агуулга яг хэвээр байгаа. Аж ахуйн нэгжид зарсан хувьцааны мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Улсын төсөвт 330 мянган хүнд өгөх нэг сая төгрөгийг суулгасан. Мөн аж ахуйн нэгжүүдэд зарсан хувьцааны мөнгөтэй нийлүүлэхээр нийт хүн амын 50 орчим хувьд сая төгрөг олгох эх үүсвэр бий.
Я.Батсуурь: -2.7 сая иргэний хэд нь хувьцаа, хэд нь сая төгрөг авахыг та нар яаж мэдэж байгаа юм?
Р.Буд: -Засгийн газар тооцоо, судалгаа хийгээд ойролцоогоор хүн амын 50 хувь нь мөнгөө бэлнээр авна гэж үзсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналыг хураах гэсэн ч “Эцсийн хэлэлцүүлгийн үеэр шийднэ” гээд Байнгын хороонд шилжүүллээ.
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Гаалийн албан болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг мөн шийдэв. Ирэх сонгуульд хэрэглэхээр зэхээд буй, түрүүчээс нь авчирсан, саналыг автоматаар тоолох 2500 машиныг эдгээр татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ. УИХ энэ оны төсвийг батлахдаа СЕХ-ны даргын багцад 24 тэрбум төгрөг хуваарилсан.
Гэвч техник хэрэгслийн үнэ валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өссөн, хөрөнгө оруулалтын задаргаанд эдгээр техник хэрэгслийг импортоор худалдан авахад төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож тусгаагүй зэргээс шалтгаалан уг төсөв хүрэлцэхгүй болоод буй аж. Тиймээс УИХ-аас санал тоолох автомат техник, хэрэгслийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулсан байна.
Уг нь 14.00 цагт Байнгын хороодын хуралдаан зарлаж, үлдсэн асуудлынхаа эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч амжсангүй. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын, Өмгөөллийн тухай хуулийн төслийг хүчингүйд тооцох тухай төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хурааж дууссангүй. Хэдийгээр шуурхайлсан ч төлөвлөсөн асуудлын талыг л үдээс өмнөх чуулганаар “нугалсан” тул 15.00 цагт үргэлжлүүлэхээр болсон. Үдээс хойших чуулганаар төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд Байнгын хороонд буцаав. УИХ-ын 39 дүгээр тогтоол, төсвийн тодотгол гэх мэт хэд хэдэн асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт буцаасан юм.
С.ТУУЛ