Намрын чуулган завсарлах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг эргэлзээ өнгөрсөн баасан гаригаас хойш бий болов. 2004-2008 оны УИХ-ын үед хавар, намрын чуулган залгаж байсан тохиолдол бий. Олон намтай, эвслийн Засгийн газартай учир байсхийгээд л нэг сайдыг огцруулах, эсэх асуудал хэлэлцдэг байлаа. Ингэсээр байгаад хэлэлцэхээр төлөвлөсөн гол ажлаа хойш нь татаж орхино. Улмаар хавар, намрын чуулган завсарлагагүйгээр залгадаг байв. Ийм замбараагүй байдлыг халахаар энэ Парламент Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хавар, намрын чуулганы эхлэх, завсарлах хугацааг зааж өгсөн билээ. Үүний дагуу намрын чуулган энэ сарын 10-нд завсарлах учиртай байв. Гэтэл завсарлах өдөр нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг З.Энхболд нар өргөн барьсан. Тэд хуулийн дагуу УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах ёстой гэж үзээд холбогдох зохицуулалтыг хийсэн.
Харин МАН-аас Д.Лүндээжанцан хоёр сонгуулийг тусад нь явуулах төсөл өргөн барьчихаад буй. Дэгийн тухай хуулиар завсарлах хугацааг заагаагүй хэвээр байсан бол үүнд хэн ч санаа зовохгүй байлаа. Тэгвэл дээрх хуулиар онцгой тохиолдолд УИХ-ын дарга чуулганы хуралдах хугацааг долоо хоногоор сунгах эрхтэй гэж заасан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы завсарлах хугацааг түр хойшлуулж, өчигдөр болгов. Ажлын хоёрхон өдөрт багтаагаад хоёр сонгуулийг зэрэг явуулах, үгүй гэдэг зарчмын том зөрчлөө Бүлгүүд шийднэ хэмээн санаанд нь багтжээ. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр төслийг хэлэлцэх, эсэхийг дөнгөж өчигдрийн үдээс өмнөх чуулганаар шийдсэн. АН-ынхан “Одоо л шийдэхг үй бол сонгууль шударга болохгүй” гээд байдаг.
14.00 цагт зарласан Байнгын хороод нь хойшлоод байдаг. Хоёр сонгууль зэрэг болох нь уу, үгүй юү, намрын чуулган өнөөдөр багтаж завсарлах уу, яах нь вэ хэмээн эргэлзсэн хүмүүсээр Төрийн ордон дүүрэн байлаа. Чуулган хэзээ завсарлахаас хоёр сонгууль хамт болох, үгүй нь хамаарах учир анхан шатны байгууллагуудын удирдлага ч чих тавин эргэлзэв. Ямар нэг шийдвэр гаргавал тэд хэсэгтээ л уужуу амьсгалах гээд байдаг. АН, МАН-ынхан ч харилцан зөрүүдлээд суудаг. Хэцүүхэн юм болов. Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн эсрэг зарчимтай хоёр төслийг “хүчээр” ч хамаагүй нэгтгэж, “эв найртайгаар” шийднэ хэмээн үзээд 14.00 цагт Байнгын хороог зарласан нь хойшлоотохсон тул бүр ч эргэлзэж гүйцсэн.
13.00 цаг өнгөрөөгөөд хэлэлцэн “бөөндөх” асуудалдаа дарагдсан чуулган түр завсарлахад СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Сод номцэрэн яаруу алхсаар Төрийн ордон руу орж явав. Маргаан үүсгэж, чуулган завсарлах, эсэх эргэлзээ үүсгээд буй энэ гол асуудлаар СЕХ тодорхой санал ирүүлбэл…. гэсэн хүлээлт АН-ынханд байсан. Энэ талаар түүнээс асуувал “УИХ л шийднэ шүү дээ. Одоо ярих байх, биднийг дуудуулсан байна” гэсээр гүйж орлоо. Ахиад л эргэлзээ бүчив. Арав гаруй хуулийн төслийг эхний бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, заримыг нь үдээс хойшдоо батлахаар төлөвлөсөн сандруу хуваарь нь гишүүдийн ирц хүрэхгүйгээс болоод нурчихсан тул “хэрэв...” гэсэн “Б” тө лөвлөгөөг АН, МАНынхан ч, УИХ-ын дарга ч боловсруулсан биз.
АН-ын төлөвлөгөө тодорхой. “Хэрэв уг хуулийг баталж амжихгүй бол лхагва гаригт завсарлуулж болох юм” хэмээн тэд мэдэгдсэн. МАН-ын бүлэг даваа гаригт хуваарь ёсоор хуралдаагүй. Тэд бол “Шууд л зүтгэ” гэсэн төлөвлөгөө боловсруулж, олонхиороо хоёр сонгуулийг тусдаа хийх шийдвэр гаргахаар хичээнэ. Дэгийн тухай хуульд “Шаардлагатай үед чуулганы хуралдах хугацааг долоо хоногоор сунгана” гэснээс дахин нэг өдөр үргэлжлүүлээд хуралдчихаж болно гэж заагаагүй. Зарласан хугацаандаа багтан завсарлахгүй бол Дэгийн тухай хуулиа УИХ зөрчих гээд байдаг.
Хуулиа дагаад завсарлана гэхээр хоёр сонгуулийг зэрэг, эсвэл тусдаа явуулах талаар эргэлзээ хэвээр үлдчихнэ. Дээрээс нь “Намрын чуулганаар л батлахгүй бол сонгууль шударга болохгүй” гэж АН “айлгаад”. УИХ-ын дарга ч том ацан шалаанд оров. Хууль зөрчихгүйгээр, бас 400 орчим саналын хуудас дундаас “таалсан” нэр дэвшигчээ олж дугуйлах амаргүй ажилд дарагдах сонгогчдын, түүнийг зохион байгуулах СЕХ-ны санааг амраах эсэхийг шийдэх нэг гарц бас байгаа. Намрын чуулганыг хугацаанд нь завсарлуулаад Цагаан сарын дараа ээлжит бусыг зарлах. Ийм хувилбар УИХ-ын даргын нөөц төлөвлөгөөнд бий юү. Бас л эргэлзээд байна шүү.
С.ТУУЛ