АН-аас “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг өчигдрөөс эхлүүлж буйгаа зарлалаа. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж, Дээд шүүхээр баталгаажуулсан үндсэн дүрэм, хөтөлбөрийнхөө хүрээнд тус намынхан бүх шатандаа дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж эхэлж буй нь энэ юм. Тэд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10 хүртэл гишүүдийн бүртгэлээ шинэчилнэ. Үүний тулд AN+ хэмээх гар утасны аппликэйшн зохиожээ. Гишүүд нь үүгээр дамжуулан бүртгэлээ шинэчлэх юм байна.
Аяны нээлтийн үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа ирээдүйд баримтлах бодлогыг, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цахим шилжилтийн талаар танилцуулан илтгэв. Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Гишүүдийн бүртгэлийн ажил дууссанаас хойших 20 хоногт тэд дотоод сонгуулиа зохион байгуулах нь. Улмаар дөрөвдүгээр сарын 8-нд Их хурлаа хийж, Үндэсний бодлогын хороо, Хяналтын ерөнхий хороо, Удирдах зөвлөл зэрэг байгууллагынхаа гишүүдийг шинэчлэн сонгоно. Дунд шатны байгууллагуудаас ҮБХ-нд нэр дэвшүүлсэж хүмүүсийг батламжилсны дараа шинэ бүрэлдэхүүн нь хуралдаж, зарим дотоод бүтцээ шинэчлэх аж. Мөн УИХ-ын байнгын хорооны бүтэцтэй ижил хороод байгуулах юм байна. Улмаар эдгээр хороо болон ҮБХ, “Гэрэгэ” бодлогын судалгааны төвийнхөн нь хамтраад дараа дараачийн нийгэм, эдийн засаг, улс орныг хэрхэн хөгжүүлэх, 2027, 2028 оны сонгуульд яаж оролцох зэргээ тодорхойлохоор төлөвлөжээ.