“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төрөөс олгох санхүүжилтийг авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн бичгийг СЕХ-нд илгээсэн тухай цахим хуудсандаа нийтэлжээ. “Улс орны эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу байгаа учраас төсвөөс нэг ч төгрөг авахгүй” хэмээн “эх орончийн” дүр үзүүлэх гэж тэрбээр оролдов. Гэтэл үнэндээ тус намынхан төрөөс санхүүжилт авах хуулийн бусад шаардлагыг хангаагүй учраас төсвөөс мөнгө авах эрхгүй юм байна.
Парламентад суудалтай МАН, АН, ИЗНН, ХҮН, Үндэсний эвслээс гадна Шинэ нэгдсэн эвсэл, Иргэний хөдөлгөөний болон “Үнэн ба зөв” нам сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан юм. “Үнэн ба зөв” нам нийт сонгогчийн 2.8 хувийн санал авсан. Гэхдээ ингээд л болчихдоггүй аж. Нам үйл ажиллагаа явуулдаг, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу гишүүний татвар, хандив, өөрийн хөрөнгө, түүнээс олсон болон зөвшөөрөгдсөн бусад орлоготой байх ёстой. Харин эл намд тийм орлого байсангүй. А.Отгонбаатараас нь өөр хүнгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй учраас төрөөс санхүүжилт олгох шаардлага хангаагүй байх нь.
Хуульд заасны дагуу СЕХ жил бүрийн есдүгээр сарын 15-наас өмнө санхүүжилтийн дээд хязгаарыг тогтоож, олон нийтэд мэдээлдэг. Улмаар нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийг олгох, эсэхийг эцэслэн шийддэг юм. 2025 онд долоон нам, нэг эвсэлд нийт 7.4 тэрбум төгрөг олгохоор төсөвлөснөөс “Үнэн ба зөв” намд 250 сая төгрөг ногджээ. Гэхдээ тэд хуулийн шаардлага хангаагүй, ямар ч орлогогүй байсан учраас уг мөнгийг олгоогүй. 2026 онд намуудад 7.8 тэрбум төгрөг олгох дээд хязгаарыг баталж, уг намд 161.5 сая төгрөг төсөвлөсөн. Гэсэн ч тэд орлого олдоггүй, “зогсонги” хэвээр байгаа учраас энэ онд ч мөн болзол хангаагүй юм байна.