Сар шинийн баяр болохтой зэрэгцэн Монголын хамгийн том компанийн нэг MCS-ийнхнээр буузаа хийлгэж, “Таван богд”-ынхноор ууц, өвчүүгээ чануулж байна хэмээн бид “томорч” маазардаг боллоо. Энэ нь ч худлаа биш, MCS компанийн “Шангрила” зочид буудлынхан бууз хийн борлуулж, “Таван богд” группийнхэн нийтийн хоолны сүлжээгээрээ дамжуулан ууц, өвчүү чанаж, наадмаар KFC сүлжээ нь хуушуураар үйлчилдэг. Үүгээр ч тогтохгүй дотоодын том групп компаниуд ББСБ ажиллуулж, цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлж, авто машин ч борлуулан олон салбарт хөрвөн ажилладаг. Мэдээж бизнес эрхлэгчид өргөжин, аль ч салбарт үйл ажиллагаа явуулах эрхтэй.
Г эхдээ нөгөө талд Цагаан сараар бууз, Наадмаар хуушуур хийж, өвчүү, ууц чанаж, албан байгууллага, айл өрхийг цэвэрлэж орлого олохоос өөр бизнесгүй, боломжгүй иргэн, аж ахуйн нэгж өч төчнөөн бий. Гэтэл тэдэнтэй зэрэгцэн томчууд нь нийгэм дэх байр суурь, маркетингийн нөлөө, сүлжээ, тоног төхөөрөмж, ажиллах хүчний давуу талдаа дулдуйдан жижиг, дунд бизнесийнхний ажлыг булааж байгаа хэрэг. Мэдээж MCS, “Таван богд”, “Номин” зэрэг компанийн үүсгэн байгуулагчдыг хөдөлмөрч, алсын хараатай, шилдэг бизнесмэнүүд гэдэгтэй маргахгүй. Гэхдээ Өмнийн уудам говьд уул уурхайн бизнестэй, Улаанбаатарын аль л өнгөтэй өөдтэй газар, дэд бүтэц сайтай бүсэд өндөр шилэн барилгуудтай, үүрэн холбоо, телевизийн сувагтай хэрнээ бууз хийж зарах, ББСБ ажиллуулах нь хэр ёс зүйтэй үйлдэл бол. Ер нь ББСБ ажиллуулах хөрөнгийн эх үүсвэрээ жижиг аж ахуйн нэгж, иргэдийн боломжийг хулгайлж бүрдүүлдэг юм биш үү. Учир нь манайд төрөөс хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийг том групп компаниуд илүү тэй хүртдэг. Хөнгөлөлттэй зээлийн хүү жилд 3-8, гэтэл ББСБ-ын зээлийн сарын хүү л 3-6 хувь байдаг нь хоржоонтой. Барилга, үл хөдлөх, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд гээд улс орны амин чухал, хэрэгцээт салбаруудад ч том компаниуд ноёрхож, жижгүүд нь тэдний туслан гүйцэтгэгч, хамжлага маягаар оршин тогтнодог нь үнэн. Манай улсын сааль сүүний дээжийг том компаниуд хүртэж, хусам шавхруу нь жижгүүдэд нь ногддог гээд хэлчихэд ч буруудахгүй.
Энэ талаар Чингэлтэй дүүрэгт жижиг бизнес эрхэлж байсан Г.Золжаргал “Манайх зуслангийн газраа зараад банш, бууз, хэрчсэн гурил, ангилсан мах бэлтгэдэг цех нээсэн юм, 2022 онд. Олигтой томорч, тогтмол харилцагчтай болж чадахгүй байсаар дампуурсан. Нэгдүгээрт бууз, банш, хэрчсэн гурил хийдэг цех, үйлдвэр олон учраас өрсөлдөөн ихтэй. Бас удаан хадгалбал хатаж, чанараа алддаг бүтээгдэхүүн болохоор эрсдэл үүссэн. Гол нь ангилсан мах бэлтгэн, махны экспортод оролцох зорилготой байлаа. Гэсэн ч зээл олдсонгүй, их хэмжээний зээл авах шалгуур хангахуйц томоохон үл хөдлөх хөрөнгө ч алга. Бас махны экспортыг танил талтай хүмүүс нь баз чихсан байдгаас “шинэковууд”-д хүртээлгүй юм байна. Уг нь мах экспортолж, гайгүй ашиг олох боломж байдаг ч жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмждэггүй юм билээ” хэмээн ярив.
Түүнчлэн Баянгол дүүргийн “Зангийн гурван уул” компанийн захирал С.Одхүү “Барилгын фасад, дулаалга хийдэг компани байгуулаад 16 жил боллоо. Ерөөсөө л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явна. Нийгмийн даатгал болон НӨАТ-ын маш их өртэй. Хэрэв зарим компани шиг улсаас зарладаг тендерийг авч сургууль, цэцэрлэг бариад явбал ашигтай ажиллахаар байна. Даанч жижиг компанид тендер олдохгүй юм. Ахиухан зээл ч авч чадахгүй, ББСБ-ын жилийн 30-40 хувийн хүүтэй зээлийг л авч байна. Том компаниуд болохоор янз бүрийн төсөл, хөтөлбөр, тендерт хамрагдаад унацтай, ашигтай бүтээн байгуулалтад оролцчихдог. Бид тэдний туслан гүйцэтгэгчээр ажиллавал их юм. Ер нь барилга, угсралтын салбарт жижиг, дунд компани, бригадууд томорч чадахгүй айлын цонх, хаалга, дулаалга хийж л амь зууж байна” гэлээ.

“ТӨР НИЙТ БАЯЛГИЙН 99 ХУВИЙГ ЭЗЭМШЧИХЭЭД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД АЖИЛ ӨГДӨГГҮЙ”
Манай улсын экспортын нийт бүтээгдэхүү ний 90 хувь нь эрдэс баялаг. Үүний 70-аас дээш хувьд зөвхөн нүүрс, зэс борлуулдаг. Харин дээр дурдаад, шүүмжлээд буй үндэсний томоохон компани, групп экспортод чиглэсэн уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүн бараг нийлүүлдэггүй. Яагаад тэр вэ. Уг нь улсын хөнгөлөлттэй зээл тусламжаас хүртдэг, түрүүлж зах зээлээ мэдэрсэн, олон жил ажилласан, туршлагатай гээд давуу тал олонтой баймаар. Энэ тухай буюу олон улсын зах зээлд дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн өргөжиж буй талаар тодруулахад ХХААХҮЯ-ныхан “Экспортын чиглэлтэй бараанаас уул уурхайн баялгийн дараа хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн орно. Жил бүр л хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр хийсэн хувцас, ялангуяа ноолуур, ноосон эдлэл, сүүн бүтээгдэхүүний экспорт өсөж буй. Үүнд том, жижиг гэлтгүй компаниуд оролцдог. Түүнч лэн мах, дайвар бүтээгдэхүүний экспорт ч нэмэгдсээр байна. Салбарын яамнаас шууд зээл олгодоггүй учраас зээлийг ямар компани авахад хяналт тавьдаггүй. Банкны болон бусад шалгуурыг хангасан компани, аж ахуйн нэгж л зээл авдаг. Манай улс ноолууран эдлэлийн чанар, үзэмж, нэр хүндээр дэлхийд дээгүүрт ордгийг онцлох хэрэгтэй. Үүнээс гадна манайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тоо тогтмол өссөөр байгаа. Ялангуяа хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр, төрөл олширч, урд, хойд хөршдөө танигдаж эхэлсэн” гэв.
Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, Гавьяат эдийн засагч Б.Лхагважав “Монголд том компаниуд жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийнхээ боломжоос булаалддаг, тэдгээрийг томорч, өргөжихөд саад болдог гэсэн ойлголт түгээмэл болжээ. Шууд ингэж хэлэх нь учир дутагдалтай. Тухайлбал, 10 000-15 000 хүн ажиллуулдаг, олон ажлын байр бий болгосон томоохон группүүд цалингийн зардалдаа л жилд 150-170 тэрбум төгрөг зарцуулж, нэмээд татвар, хураамж төлнө. Тэгвэл ийм их хөрөнгийг яаж олох вэ. Том, жижиг гэлтгүй ажил хийж, хуушуур, бууз ч болтугай зарж байж л олно. Гэтэл Монголд их мөнгө хийх, том зах зээл алга. Өөрөөр хэлбэл, төр нь нийт баялгийнхаа бараг 99 хувийг эзэмшчихээд хувийн хэвшилд ажил өгдөггүй. Тендер, концес зарлаж байж ажил олгодог ч танил талаа түших, авлига хахуулийн асуудал гарах нь цөөнгүй. Уг нь төр өмчөө хувьчлаад, томоохон бүтээн байгуулалтдаа дотоодын компаниудаа оролцуулаад явбал зах зээл жигдрээд ирнэ. Наад захын жишээ хэлэхэд, НЗДТГ-аас хэрэгжүүлээд байгаа “20 минутын хот”-ын бү тээн байгуулалтын тендерт урд хөршийн компани шалгарсан гэсэн. Яагаад дотоодын компаниудаар ажлаа хийлгэхгүй байна вэ. Манай барилгын компаниудын аль нь ч эл ажлыг хийж дөнгөнө. Том компаниуд том хөдлөх боломжгүйгээс жижиг аж ахуйн нэгжийн зах зээлийг булаалдах, улмаар аль нь ч олигтой хөрөнгөжиж чадахгүй байна. Үүнийг засаж залруулахын тулд эхний ээлжид төр өмчөө хувьчлах, том, жижиг бүх бүтээн байгуулалтыг дотоодын компаниар хийлгэх шаардлагатай” гэлээ.
ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАНГАМЖ, ЗООГИЙН 50 ХУВИЙГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС АВДАГ
БНСУ-д жишээлбэл “Самсунг”, “Хьюндай” компани нь кимчи хийж зардаг гэж та сонссон уу. Эсвэл Японд “Тоёота” амралтын газар ажиллуулж, айлууд цэвэрлэж, Америкт “Apple”-ийнхэн бургер борлуулж, Хятадын аварга үйлдвэрүүд мантуу зардаггүй нь лавтай. Тэгвэл эдгээр улсад том, жижиг болон дундаж компанийн өрсөлдөөний талбарыг хуулиар зохицуулж өгдөг аж. Тухайлбал, Солонгост үндэсний болон гудамжны хоолны газар, гэр гуанз зэргийг жижиг бизнесийн бүс хэмээн тодорхойлж, ямар ч зөвшөөрөл, зохицуулалтгүй ажиллах боломж бүрдүүлдэг юм байна. Францад том сүлжээ ресторанууд жижиг газруудынхаа ойролцоо дур мэдэн салбараа нээж болдоггүй аж. Бас ямар нэгэн франчайз эзэмшигчийн бүтээгдэхүүнийг том групп хуулбарлах, хямд үнэ, өргөн сонголт санал болговол төрөөс болон хэрэглэгчийг хамгаалах байгууллагаас анхааруулж, хуулийн хариуцлага ч хүлээлгэдэг гэнэ.
АНУ-д компани нь том, дэлхийн хэмжээний байх тусам өндөр хариуцлага хүлээн, зах зээлээ төрийн бус мэргэжлийн байгууллагууд нь хувааж, өөрсдөд ногдсон нутаг дэвсгэрт, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг үзүүлж, Өрсөлдөөний тухай хуулийг ягштал хэрэгжүүлдэг аж. Технологийн хулгай хийсэн, стартап компанийн санаанаас монопол байдлаа далимдуулж ашигласан гэх шалтгаанаар “Амазон”, “Гүүгл” компанид олон тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар шүүхэд дуудсан удаа ч бий. Түүнчлэн Вьетнам, Итали, БНСУ, Мексикт үндэсний уламжлалт хоол, зарим түү хий эд, бүтээгдэхүүнийг “Local business” гэж үзэн массаар үйлдвэрлэх, орон нутгийн захиргаанаас үзэсгэлэн болон амталгаат худалдаа хийх үед хяналт тавин, үе дамжуулан ажиллаж ирсэн хүмүүс, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хамгаалж өгдөг аж. Үндэсний хоолны болон соёлын өдөрлөг, томоохон арга хэмжээний хангамж, зоогийн 50 хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжээс худалдан авах жишээтэй. Мөн үндэсний том компаниудыг, ялангуяа банк, уул уурхайн групп, холдинг зэргийг жижиг сүлжээ дэлгүүр, цайны газар ажиллуулахыг хориглон, ийм салбарт франчайз нэвтрүүлэх, хувь эзэмшихгүйгээр түншлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь иргэдэд туслах зэргээр хамтран ажиллахыг даалгадаг жишиг ч байна. Нөгөөтээгүүр, хөгжингүй зарим оронд групп компанийг бодлогоор дэмжин бойжуулж, томруулсны дараа өндөр татвар ногдуулдаг, орон нутгийн болон төрийн дэмжлэг олгохоос зайлсхийдэг бол харин олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, гадаадад салбараа нээх зэргийг нь дэмжин, Засгийн газраас нь хамтран ажилладаг юм билээ.
Хөгжиж буй орнууд, өрсөлдөөний хуульгүй шахам манайх шиг улсад дараах шалтгааны улмаас жижиг, дунд бизнес өргөжиж чаддаггүй гэхэд болох нь. Үүнд тендерийн шалгуур хэт өндөр, их хэмжээний барьцаа хөрөнгө шаарддаг, шинэ санаа, шинэ зах зээлийг жижиг компаниуд түрүүлж харсан ч аажимдаа томууддаа булаалгах зэргийг дурдаж болно. Мөн том компаниуд илүү цалин, хангамж амлан жижиг аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтнүүдийг өөрсдөдөө нэгтгэх, сурталчилгаа болон нэр төрөөрөө далайлган зах зээлийг монополчлох хандлага байна. Ингэснээр өрхийн ядуурал нэмэгдэх, дундаж давхарга тэлэхгүй, инновац үүсэхгүй байх, хэдхэн групп компани бүх салбарт ноёлох байдал бий болно. Энэ нь урт хугацаанд эдийн засгийг хэврэг, тогтворгүй, цөөн хүнээс хараат болгодгийг МУИСийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Эдгээрээс зайлсхийхийн тулд том, жижиг, дунд аж ахуйн нэгж тус бүрт зориулсан хууль хэрэгжүүлэх, шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, хөгжингүй улс орны сайн жишээг нэвтрүүлэх зэргээр ажиллаж болохоор байна. Үгүй бол, энэ хэвээр явсаар байвал жижиг компаниуд маань томрохгүй, том нь тодорч олон улсын зах зээлд цойлж чадахгүй, түүхий нүүрс, зэсийн орлогоос төсвөө бүрдүүлж, амиа аргацаасаар л байх нь.