.jpg)
Сэлбэ голын усны үндсэн тэжээл нь зун, намрын хур бороо байдаг тул усны түвшин нь ихээхэн тогтворгүй байдаг онцлогтой. Арваннэгдүгээр сарын дундаас гуравдугаар сарын сүүлч хүртэл гол ёроолдоо хүртэл хөлдөж, урсацгүй болдог.
Үүний улмаас голын ус зөвхөн гүн цүнхээл бүхий хэсгүүддээ хэсэгчлэн тогтоол хэлбэрээр тогтон, бусад хэсгүүд нь бүрэн хөлдөх, эсхүл хатах байдалд орсны улмаас хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчны усанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасахад хүргэж, улмаар загас олноороо хорогдох эрсдэл үүссэн.
Дээрх нөхцөл байдалтай холбоотой иргэний өгсөн мэдээллийн дагуу яаралтай арга хэмжээ авч, амьд үлдсэн хэсгээс 3 зүйлийн (шивэр сахалт эрээлж, ердийн варлан, хадран) загасыг зөөвөрлөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс, Могойт дэнж орчмын Туул голын харзалсан хэсэгт шилжүүллээ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.