“Хангарди” спорт цогцолборын нэрэмжит өвлийн триатлоны УАШТ-д аймаг, сум, дүүрэг, клубүүдийн 40 гаруй тамирчин элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн элит уралдаанд оролцогчид ширүүхэн өрсөлдөж, тэмцээнийг сонирхолтой болгосон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татав. Тэднээс Монголын биатлоны шигшээ баг,” Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Энхсайхан 31 минут 42 секундээр аваргын болзол хангажээ. Түүний араас нэхсэн шилдгүүдээс өсвөр үеийнхний дэлхийн аварга А.Хүслэн (“Алдар”) 34 минут 20 секундээр удаалж, хошой мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрээр 2024 онд болсон УАШТ-д ОУХМ Б.Ачбадрахтай өрсөлдөн дэд байрт шалгарч байв. Орхон аймгийн тамирчдаас ОУХМ Ж.Гантулга (35 минут 18) хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн уралдаанд мөн “Алдар спорт хороо, Зэвсэгт хүч ний 326 дугаар ангийн тамирчин, цанын спортын мастер М.Должинсүрэн (42 минут 01), “Бээжин-2022” өвлийн олимпод оролцсон ОУХМ А.Энхтуул (“Алдар” спорт хороо, 43 минут 39 секунд), Зэвсэгт хүчний 310 дугаар анги, “Монголиан эко трэйл раннерс” клубийн тамирчин Ю.Туяа (47 минут 46 секунд) эхний гурван байрыг эзэлсэн байна. Сонирхогчдын ангилалд эмэгтэйчүүдээс Т.Саранцэцэг (Орхон, “Хурд Эрдэнэт” клуб) алт, П.Биндэрьяа (“Хобби” сургууль) мөнгө, Д.Сэлэнгэмөрөн (UBCC) хүрэл медаль зүүв.
Эрэгтэйчүүдийн 18-34 насныхны ангилалд М.Билэгтсайхан (Орхон аймаг, “Ирээдүйн хос мөртөн” клуб), А.Уранбат (Хилийн цэргийн 0101 дугаар анги), 35-аас дээш насныхад Х.Хаш-Эрдэнэ (“Алдар”), Б.Лхагвабаатар (Хилийн цэргийн 0101 дугаар анги), Ц.Энхболд (Хилийн цэргийн 0151 дугаар анги) нар тэргүүллээ.