Сонгинохайрхан дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүр орчимд 23 настай С гэх эмэгтэй төрүүлсэн охин найман сартай Н-ийн нэг бус удаа хутгалж амийг нь егүүтгэсэн хэрэг гарчээ. Улмаар амиа хорлох оролдлого хийсэн талаар дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байна. Тухайн эмэгтэй хүүхдээ тэврэн түр оршин сууж байсан газраасаа мягмар гаргийн 23.00 цагийн үед гарсан аж. Гэртээ ирэхгүй болохоор нь дүү нь эрэн хайхад Сонсголонгийн гүүрний орчимд өөрийгөө зүсэж, цус их алдсан байсныг олсон гэнэ. Өдгөө түүнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд шуу болон хэвлийдээ нэг бус хутганы шархтай биеийн байдал хүнд, зохих эмчилгээг хийж байна хэмээн тус эмнэлгийнхэн мэдээлэв. Чухам юунаас болж ийм үйлдэл гаргав гэдгийг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгалтыг үргэлжлүүлж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутгаас хүзүүндээ хутганы шархтай нэг эр Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж буй бөгөөд Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорын автобусны буудлын дэргэд үл таних гурван хүнд хутгалуулсан хэмээн тэрбээр мэдүүлсэн байна.