Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж чадсан нэгэн зүйл бол уран нугаралт гэдэгтэй маргах хүн үгүй биз. 70 жилийн түүхтэй монгол циркийг уран нугаралтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийд таниулахад том үүрэг гүйцэтгэсэн хүн бол Б.Норовсамбуу билээ. Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин тэрбээр “Монголын уран нугаралт” нэртэй номоо өлгийдөн авчээ. “Үегүй мэт уран налархай хөдөлж, нугарч, “хугардаг” нугараачдыг Дарь эхийн бүрэлбаа хэмээдэг шүү дээ. Тэр утгаараа би номын хавтасныхаа баруун дээд өнцөгт Ногоон дарь эхийг залсан. Гэрийн тооныг харуулсан нь энэхүү гайхамшиг бол Монголынх гэдгийг тодотгож байгаа юм. Хавтасны арын хэсэгт үндэснийхээ бичиг соёлыг гайхуулан урнаар “Монгол” гэж бичихдээ нугараачийг дүрсэлсэн байгаа. Түүний доор галын дөл, дээр нь тооно байгаа нь учиртай. Монголын уран нугаралтын гайхамшиг галын дөл мэт бадран, тооноор гарч дэлхийд түгэж байна гэсэн үг юм” хэмээн Б.Норовсамбуу гуай тайлбарласан. Тэрбээр Төрийн шагналт, ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийнхаа гэгээн дурсгалд зориулан энэхүү номоо гаргасан гэсэн. Монголын уран нугаралтын түүхийг нэг бүрчлэн өгүүлэх “Монголын уран нугаралт” уншигчид төдийгүй мэргэжилтнүүдэд гарын авлага болмоор бүтээл болжээ.
Ж.Эрдэнэ