Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
АНУ-ын Мичиганы их сургуулийг эдийн засагч, Азийн Технологийн институт, Европын Бизнесийн сургуулийг олон улсын санхүүч, бизнесийн удирдлагын магистраар тус тус дүүргэсэн, эмэгтэй гишүүд дундаа өндөр боловсролтой гэгддэг Б.Мөнхсоёл “Монгол бахархлын өдөр”-өөр Алунгуа эх, их хатан Бөртэг ч ялгахгүй, түүхийн мэдлэг нимгэн гэдгээ харуулаад амжсаныг уншигчид мартаагүй болов уу. “Бөртэ хатан хэдэн хүү төрүүлсэн бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Бөртэ үжиний талаар бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Эвтэй байхдаа хүчтэй гэдгийг харуулах үүднээс хүүхдүүддээ таван нум, сум бариулаад нэг нэгээр нь болон багцлан хугалуулж, эв хамтын хүчийг үлгэрлэдэг” гэж хэлээд улс даяар онигоонд орсон байдаг.
Сэтгүүлчийн тавьсан асуултыг ойлгоогүйн дээр ёстой л нөгөө хуучаа ярих гээд хулгайгаа ярив гэгч нь болж, олон нийт, түүхч, судлаачдын дургүйцлийг төрүүлсэн юм. Хамгийн хоржоонтой нь, Б.Мөнхсоёл гишүүн монгол хүн бүрийн уншвал зохих “Монголын нууц товчоо”, эх түүхээ мэдэхгүй, буруу зөрүү ярьсандаа гэмшихийн оронд “Хэл халтирах нь бүү хэл, хөл халтирдаг юм аа, хө” гэх утгатай, өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл хүртэл гаргаж, олон нийтийг бүр ч бухимдуулсан.
УИХ-ын гишүүн гэдэг зүгээр нэг нэр төдий албан тушаал биш. Ард түмний эрх ашгийг төлөөлөх, үндэсний үнэт зүйлс, түүх, соёл, ёс зүйг эрхэмлэн хамгаалах үүрэгтэй, хариуцлагатай “суудал”. Гэвч өнөө цагт эл дэг журамзаримгишүүний хувьд юу ч биш болж хувираад буй нь энэ юм.
Б.Мөнхсоёл нь өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын зургаадугаарт эрэмбэлэгдэж, гишүүн болсон түүхтэй. Намдаа 10 тэрбум төгрөгийн хандив өгснөөрөө тэргүүлсэн гэдэг ч жагсаалтад ийн доогуур бичигдсэн нь хачирхалтай шүү. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Тус эвсэл нь иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байж. Харин Б.Мөнхсоёл ХҮН-д элссэнээр гишүүн болох замаа ийн зассан юм.
Гэсэн ч өнгөрсөн хугацаанд намын нөхөдтэйгөө эв түнжин муутай, мөнхийн хэрүүлтэй, намаасаа гарч буйгаа ч үе үе мэдэгддэг байлаа. Тэгсэн хэрнээ одоо болтол ХҮН-д гишүүнчлэлтэй хэвээрээ. Намаасаа гарлаа гэж зарласан бусад шигээ нэр төртэй явчихаж чаддаггүй, оруулсан хувь нэмэр ч үгүй, УИХын гишүүнийхээ хувьд ч өөрийн гэсэн байр суурь, үнэт зүйл, үзэл баримтлалгүй. Ёстой л нөгөө дондогмаа хүүхэлдэй аятай унаж ч өгдөггүй, босож чаддаггүй нэгэн бололтой. Уг нь ХҮН хүмүүнлэг, эрх чөлөөний үзэл санааг баримтлагч, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, тэгш боломж бүтээх үндсэн зарчимтай ч тэрбээр үргэлж энэ бүхний эсрэг “тэмцэлдэж” ирэв.
Харин чуулганы ирц, хэлэлцүүлэгт оролцсон байдал нь харьцангуй тогтвортой юм билээ. Гэхдээ бодлогын хэмжээний томоохон асуудал, хэлэлцүүлэгт хариуцлагатай, идэвхтэй оролцдоггүй, байр сууриа илэрхийлдэггүй гэх олон нийтийн шүүмжлэл бий. Парламентын танхимд цөөнгүй хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон ч одоогоор санаачилж, батлуулсан эрх зүйн баримт бичиг түүнд алга.
Б.Мөнхсоёл нь англи, орос, франц хэлтэй, 2002 оноос эхлэн ШУТИС-ийн КТМС-д багш, “Говийн бүсийн эдийн засгийн хөгжлийн санаачилга төсөл”, Нээлттэй нийгэмфорумын “Эдийн засгийн хөтөлбөр”-т менежер, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт ахлах шинжээч, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирлаар тус ажиллаж байжээ.
Түүний ажилласан байдал, эзэмшсэн боловсрол зэргийг нь харвал итгэл даахаар, ярьж хэлж буйг нь сонсвол эргэлзээ төрүүлмээр, үзэл бодол, үнэт зүйлийг нь ажвал бүр ч “учир битүүлэг” гэмээр. Б.Мөнхсоёл эмэгтэйчүүдийн эрх, эдийн засгийн тэгш байдлыг хөндсөн хэлэлцүүлгүүдэд бэлгэ тэмдэг төдий сууж харагддаг. Цаашид оюуны болон институцийн чансаагаа дээшлүүлэхгүй бол олны доог тохуу болсоор байхыг үгүйсгэхгүй юм.
О.Оргилох