Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг энэ тухай хоёр ч төслийг нэгтгэсэн юм. Улмаар 1072 хувьцаа эзэмших, эсвэл нэг сая төгрөг авах гэсэн сонголт оруулсан.
Оюутнуудын тухайд нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр, 400 мянган төгрөгийг сар бүр хуваан авсан учир үлдсэн 100 мянган төгрөгийн л эрх үлдсэн. Үүнийхээ оронд л хувьцаа авч болох гэнэ. Уг нь иргэн бүрт Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшүүлнэ, байгалийн баялгаас эх орны хишиг болгож 1.5 сая төгрөг өгнө гэсэн хоёр тусдаа асуудал байсан. Харин Ажлын хэсгийнхэн үүнийг нэгтгэж орхисон билээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч нэг сая төгрөг үү, хувьцаа юу гэсэн сонголт хийх нь. Түүнчлэн иргэд 1072 хувьцааныхаа 50 хувийг үлдээгээд 50 хувийг нь бэлэн мөнгө болгож болох гэнэ. Тавантолгойн хувьцааг дэлхийн зах зээлд худалдаж эхэлмэгц үнэ өсөж, ногдол ашиг нэмэгдэх тул аль алийг нь авах хүсэлтэй иргэдийг ингэж “аргалах” юм байна.
С.УУЛ