
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх юм. Шүүхийн үйл ажиллагааны ил тод тод байдал нь зөвхөн нэг улс орны асуудал биш нийт улс орны үнэт зүйл. Энэ хүрээнд бусад улс, олон улсын байгууллагын тогтоосон хэм хэмжээг судалж, харгалзан үзэж байх нь чухал.
2025.02.07-ны өдөр
Монгол Улсын нэрийн өмнөөс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Н.В.Х-д холбогдох хэргийг нээлттэйгээр хэлэлцэв.
Шүүгдэгч Н.В.Х нь 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр 19.20 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан гэмт хэрэгт холбогджээ. Вьетнам улсын иргэн хил зөрчих болсон талаараа ийн мэдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Н.В.Х “Би Монгол Улсад ажиллаад олон жил болсон, тэгээд мөнгө хангалттай олоогүй. Монгол Улсад амьдардаг вьетнамчууд бүгд гадаад паспортоо захиралдаа өгдөг, өөртөө паспортоо авч явдаг вьетнам ажилчин байдаггүй. Тэгээд T захиралд миний гадаад паспорт байгаа гэдгийг баталгаатай мэдэж байсан ч асуухаас айсан. Намайг явуулахгүй байх гэж бодоод паспортгүй ч гэсэн БНХАУ-аар дамжин нутаг руугаа буцъя гэж бодсон” хэмээн ярьсан байдаг.
Мөн шүүх хурлын тэмдэглэлд шүүгдэгч Н.В.Х-г Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ иргэний баримт бичиггүй байсныг онцлон дурджээ. Шүүх хуралд гэрчээр оролцсон Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч ч Н.В.Х-г хил зөрчөөд баригдахдаа бичиг баримтгүй явсныг нотолсон аж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14.1-т зааснаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэж хуульчилсан. Энэ дагуу Н.В.Х-д шүүхээс нэг жил хорих ял оноосон байна.
2025.04.07-ны өдөр
Вьетнам улсын иргэн Н.В.Х нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаас гаргасан шийтгэх тогтоолыг үл хүлээн зөвшөөрчээ. Тиймээс Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс хуралдааныг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр түүний гомдлыг хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Билгүүн шүүх хуралдааны үеэр “Би түрүү долоо хоногт хил дээр очиж үзсэн. Манай үйлчлүүлэгч хилийн тэмдгийг давсан үйлдэл огт байхгүй. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нэвтрэх гэдэг үйлдлийг юу гэж ойлгодог вэ гэхээр хилийн зурвас байлаа гэхэд зурвасаас цаашаа орсон, мөн гарсан дамжин өнгөрсөн үйлдлийг Монгол Улсын хил нэвтрэх гэж ойлгодог. Мөн Эрүүгийн хуулийн 19.14.1-т Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол гэдэг үндсэн диспозицтой. Тэгэхэд нэвтрээгүй яг энэ хэсгийг даваагүй атал нэвтэрсэн гээд ялласан, гэмт хэрэг нэгэнтээ төгсөж чадаагүй. Субьектив санаа зорилго байгааг зөвтгөхгүй. Хил нэвтрэх зорилготой явсан гэдгээ шүүгдэгч үнэнээр мэдүүлдэг. Энэ хүн хил мэдэхгүй, хилийн шугамыг энэ хүн битгий хэл би ч саяхныг хүртэл мэдэхгүй байсан. Прокурор ч мэдээгүй байна, анхан шатны шүүгч ч хилийн талаарх ойлголтыг мэдээгүй байна. Би газар дээр нь очиж үзлээ, хэрэгт авагдсан баримтууд холбогдох хууль тогтоомжийг судаллаа. Хил нэвтрээгүй юм билээ. Тэгэхээр энэ үндэслэлээр нэгэнт гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзаад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн байна.
Шүүгдэгч Н.В.Х-гийн тухайд орчуулагчтайгаа бүрэн хэл нэвтрэлцэж чадаагүйн улмаас анхан шатны шүүх хурал болж байгааг ч, өөрт нь хорих ял оноосныг ч ойлгоогүй аж. Тиймээс хоёр сар гаруйн хугацаанд хоригдож, ар гэртээ ч энэ талаар мэдэгдэж чадаагүйгээ шүүх хурлын танхимд мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх нь шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хурлыг шүүхийн байрнаас өөр газарт хийж болдог журамтай.
Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Вьетнам улсын иргэдийн зорчих эрх хязгаарлагдмал, бичиг баримтыг нь хурааж авдаг талаар мөн дурджээ. Тодорхой хэлбэл, шүүгдэгч Н.В.Х гэр бүл эхнэр хүүхдээ маш их санасан. Гэвч ажил олгогч, захирал Т паспортыг нь өгдөггүй байж. Тиймээс орон нутгийн авто засварын газарт ажилладаг 34 настай залуу эх нутаг руугаа тэмцэж бичиг баримтгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан үйлдэл гаргажээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.В.Х-д оноосон хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14.1-т зааснаар шүүгдэгчийг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна. Ингэхдээ цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 10 сая төгрөгийн торгох ялаас 900 000 /есөн зуун мянга/ төгрөгийг хасаж тооцохыг магадлалд тусгасан аж. Ингээд вьетнам засварчин шүүхийн танхимаас суллагдаж эрх чөлөөтэй болов. Давж заалдах шатны шүүх нь хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Шүүхийн үйл ажиллагаа нь ердийн нөхцөлд олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй байх ёстой. Энэ дагуу анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолоо, давж заалдах шатны шүүхээс магадлалаа Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан (https://shuukh.mn/) -д нээлттэй байршуулжээ.
Вьетнам засварчин Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан хэрэгт анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ял сонссон ч давж заалдах шатны шүүх ялыг торгууль болгон өөрчиллөө. Гэвч энэ хэрэг зөвхөн “хил зөрчсөн” асуудал уу, эсвэл хөдөлмөрийн мөлжлөгийн илрэл үү.
Ажил олгогч нь ажилтны бичиг баримтыг хурааж авах нь албадан хөдөлмөр юм гэдгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тодорхойлсон. Тодорхой хэлбэл, захирал нь ажилтнаа чөлөөтэй зорчихыг хязгаарлаж, бичиг баримтыг нь хурааж авах нь албадан хөдөлмөр төдийгүй, цаашлаад хүний наймааны хохирогч байж болохыг илтгэсэн том сэжүүр, нийтлэг шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл, Н.В.Х-ийн хэрэг нь Монгол дахь гадаад ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, төрийн байгууллагуудын хариуцлага, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг дахин сөхөх шалтгаан болж байна. Харамсалтай нь, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээрх зөрчлийн талаар мэдэж байсан ч олон улсын байгууллагын санхүүжилт зогссон гэх шалтгаанаар шалгаагүй өнгөрсөн. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тухайн иргэн гомдол гаргаагүй бол шалгах үүрэггүй хэмээх хариуг өгсөн билээ.
Unuudur.mn сайтын баг өмнө нь Монголд ажиллаж буй вьетнам засварчдын талаар цуврал сурвалжилга бэлтгэж байв. Шүүх хурлын танхимд удаа дараа дурдагдсанчлан вьетнам засварчид үнэхээр л бичиг баримтаа биедээ авч явдаггүй, дийлэнх нь эздэдээ хураалгасан байж билээ.
Энэ талаар бичсэнээ эргэн сануулъя.

Нийслэлд вьетнам гэх тодотголтой авто засварын газар олон. “Цайз” зах, Зуун айл, III, IV хороолол, I хороолол, Дэнжийн мянга гээд хотын булан, тохой бүрд вьетнам засварчид ажилладаг. Тэд хариуцлагатай, ажилсаг, тууштай хэмээн ажил олгогчид нь ам сайтай. Гэвч засварчид хоногийн 24 цаг гараашнаасаа бараг гардаггүй. Ажлын орчин нь дуу чимээ ихтэй, бохир заваан, зарим нь бүр огиудас хүрмээр. Будаг, химийн бодис үнэртэж, тоос тортог битүү цайрч, нүд хорсгоно. Шалаар нь цахилгааны утас хөглөрч, хагарч хотойсон хэсэгт ус тогтжээ. Гэвч тэд аюулгүй байдлаа хангасан ажлын хувцасгүй, амны хаалт зүүсэн нь ч тоотой харагдана. Гараашиндаа ажиллана, унтана, хооллоно, угаана, арчина. Барагтай л бол орж, гарахгүй, цаг наргүй ажиллана. Их л сайндаа нэг авто засвараас нөгөө рүү очно. Бусад цагийг ажиллаж өнгөрүүлнэ. Өглөөнөөс шөнө болтол ажиллаж, унтахын тулд л гараашны аль нэг булан тохой дахь “нууцлаг” оромж руугаа орно. Гараашны булан дахь оромжийн зарим нь илүү ч үгүй, дутуу ч үгүй гурван алхам. Үүнээс ч бага зайтай нь ч байх. Агааржуулалтгүй, эрүүл ахуйн хувьд маш муу үнэлгээ авахаар, тоосонд дарагдсан үнсэн саарал оромжууд. Ганц, хоёрхон нь нийтийн байранд амьдарч байхтай таарсан. Гэвч ариун цэврийн хувьд бусдаасаа дээрдэх зүйлгүй. Энд зөвхөн унтаж амрахын тулд ирдгээ тэд ярьсан. Зарим нь гараашныхаа салхивчаар дамжиж ордог өрөөтэй. Монголд ажиллаж, амьдарч буй вьетнам засварчдын нийтлэг амьдрал энэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын нөхцөлийг хангаагүй орчинд тэд ажиллаж, амьдардаг ч монгол хэл мэдэхгүй, гомдол гаргадаггүй, нийгмийн үйлчилгээ авч чаддаггүй.

Олонх нь 10.00-01.00 цаг хүртэл, эсвэл 12.00-02.00 цагийн хооронд машин засдаг хэмээн хариулсан. Хоногт ихэнхдээ 14-15 цаг, шаардлагатай үед унталгүй үүр цайтал ажилладаг аж. Ажил ихтэй үед 24 цаг борви бохисхийхгүй ажиллах нь ч бий. Бямба, ням гарагт ч тэдний олонх нь амардаггүй. Өөрөөр хэлбэл, тэд долоо хоногт 100-гаас илүү цагаар ажилладаг ажээ. Харин манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас хэтрэхгүй, долоо хоногийн ажлын цаг 40 цагаас илүүгүй байхаар заасан. Мөн нэг өдөрт ажиллах илүү цагийн дээд хязгаар нь дөрвөөс илүүгүй байдаг. Тиймээс долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56-гаас илүүгүй байх ёстой. Гэтэл долоо хоногийн нэг өдөр нь амраадаг гэж нэг, хоёрхон газрын эзэд дурдсан. Дийлэнх нь долоо хоногт огт амралтгүй ажилладаг. Тэгсэн хэрнээ илүү цагийн мөнгө ч авдаггүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсэх нь тодорхойгүй. Зарим нь гэрээ байгуулсан гэж хэлсэн ч монгол, эсвэл англи хэлээрх ямар нэг гэрээ ажил олгогчоос, ажилтнаас, албаныхнаас ч нэхээд тухайн үед олдоогүй билээ.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенцод 2005 онд нэгдсэн юм билээ. Эдгээрт нэгдэн орж, соёрхон баталсны 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Харамсалтай нь, дээрх конвенцуудыг дагаж мөрдөх нь битгий хэл, дотооддоо баталсан Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжоо ч мэдэхгүй, дагаж мөрддөггүй хэвээр байна.


