Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Тус комиссын гишүүн Ж.Хунан “Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зургаан зөвлөмжийг Боловсролын сайдад хүргүүлсэн, үүний биелэлтийг гуравдугаар сарын 30-ны дотор ХЭҮК-т тайлагнах үүрэгтэй. 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж, салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхэд хамгаалал гэдэг ганц байгууллага, эцэг, эхийн асуудал биш, олон салбарын огтлолцол дээр үр дүнд хүрдэг. Хуулийн хэрэгжилтийг үнэлэх явцад боловсролын салбарт хэд хэдэн асуудал орхигджээ. Тухайлбал, Боловсролын сургалтын байгууллага, сум, хийдийн орчны аюулгүй байдлын нөхцөл байдлын үнэлгээ хийх, нөгөө нь Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага гэсэн журмыг батлаагүй байна. Үүнийг батлуулахыг шаардах хэрэгтэй” гэв.
Мөн тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Шалгадаг, хариу арга хэмжээ авдаг механизм манай улсад бий. Сургууль бүрд хүүхэд хамгааллын баг ажиллаж, эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх ёстой ч үр дүнтэй ажилладаггүй. Хэд хоногийн өмнөх үе тэнгийн дээрэлхэлт гэмт хэргийн шинжтэй үйл явдал болсон. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүд хариуцлага хүлээхгүй үлдэнэ гэж байхгүй. 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Гэхдээ тэднийг цахим орчинд “цаазалж” болохгүй. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар тэмдэглэл хийж болно, энэ нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, засах, эргэн нийгэмшүүлэх зорилготой байх юм. Түүнээс их, дээд сургуульд сурах, гадаад улс руу зорчих эрхийг хязгаарлаж болохгүй. Тэгвэл Үндсэн хуульд нийцэхгүй” хэмээсэн. Ташрамд, хүүхдүүдийн найман хувь нь дээрэлхэл үйлддэг бол 20 хувь нь дээрэлхэгчийг өдөөгч, долоон хувь нь дэмжигч, 12 хувь нь хохирогч, 17 хувь нь хохирогчийн хамгаалагч, 24 хувь нь хөндлөнгийн ажиглагчид байдаг гэх судалгаа бий аж.
Ч.Болор